Япончуудын буцалтгүй тусламжаар зургаан худаг засжээ

Японы Засгийн газрын “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүлээлгэн өгөх ёслол болов.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Кикүма, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар 2020 оны Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүлээлгэн өгөх ёслолд оролцов.
Төслийн нэр “Улаанбаатар хотын Налайх дүүргийн худгийн барилгын ажлын төсөл”. Төслийн санхүүжилтийн дээд хязгаар 130,984 ам.доллар буюу 372,258,000 төгрөг байжээ.
Энэ мөнгөөр Налайх дүүргийн 1, 3, 4, 7, 8 дугаар хороонд зургаан худгийг засжээ. Мөн ухаалаг төхөөрөмж суурилуулсан байна.
-200333-145729597.jpeg)

1970-аад онд барьсан худгууд ашиглалтын улмаас хуучирч муудан, барилгын дотор тал мөөгөнцөртөж, ус хадгалах сав зэвэрчээ.
Ундны уснаас эвгүй үнэр гарах зэргээр худгийг ашигладаг 7,700 иргэдийн хувьд хүндхэн асуудал болжээ. Иймд эрүүл ахуйд нийцсэн усаар хангах боломжтой болгон, худгийн орчныг сайжруулжээ.
Японы Засгийн газар Монголд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийг хүртэл “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар 582 төсөл хэрэгжиж, санхүүжилтийн дээд хязгаар нь 43 сая ам.доллар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ