Б.Лхагвасүрэн: Хурцадмал байдал намжвал эдийн засаг хурдан хугацаанд хэвийн байдалд орох боломжтой

     Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсын эдийн засаг зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болж байгаа ч маш эмзэг. Гадаадын шоконд маш амархан өртдөг. Экспортын бүтээгдэхүүний 92 хувь нь уул уурхайн бүтгээдэхүүн. Энэ нь нэг урсгалтай. Бид энэ эмзэг байдлыг засах ёстой. 

     Монгол Улсын инфляцыг тооцдог 370 гаруй бүтээгдэхүүний 48 хувь импортын бүтээгдэхүүн байна. Бид коронавирус дэгдэхээс өмнө 36 сая тонн нүүрс экспортолдог байсан бол өнгөрсөн онд 16 сая тонн нүүрс экспортолсон. Эргээд үүнийг сэргээхэд гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орно. Өнгөрсөн оны мөн үед экспортолж байсан бүтээгдэхүүнээс 700 сая доллароор бага бүтээгдэхүүн энэ онд экспортолсон. Түүнчлэн өнгөрсөн жил импортолсон бүтээгдэхүүнээс 700 сая доллароор их импортыг хүлээж авсан. Ингээд 1.5 сая долларын сөрөг баланс гарч ирсэн. Энэ нь валютын нөөцөн дээр дарамт болж байна. Энэ нь ханшад нөлөөлж байна.

   Саяны хурцадмал байдлаас хойш дэлхий даяар 8000 гаруй хорио цээрийн дэглэм бий болсон байна. Хэдийгээр дайн зогссон ч гэсэн энэ хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэх нь тодорхойгүй. Иймээс төв банкны бодлого тодорхой бус байна. Долларын ханш нэмэгдсэн. Тодорхой хэмжээний зохицуулалтууд хийдэг явдаг. 

   Дэлхийн банк, ОУВС бидэнд ханш чөлөөтэй хөвөх ёстой шүү, зах зээлийнхээ байдалдаа байх ёстой гэдэг.  Хэрэв энэ хурцадмал байдал богино хугацаанд илаарьшиж чадвал Монгол Улсын эдийн засаг хурдан хугацаанд хэвийн байдалд орох боломжтой" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ