"Багшдаа зодуулсан сурагч айдастай, хичээлийн хоцрогдолтой, сэтгэл гутралтай байна"

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн захирал нөхрөө ажилд авснаар нөхөр нь хүүхэд зодож бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч БШЯ-ны гадна мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг:
- Манай сургууль 1980 онд Дархан-Уул аймагтай анхны тусгай хэрэгцээт сургууль болж байгуулагдсан. 2021-2022 оны хичээлийн жилд 16 бүлэг, 55 багштайгаар ажиллаж байна. Мөн 1995 оноос эхлэн өнөөг хүртэл малчин, захын гэр хорооллын, зорилтот бүлэг, нийгмийн нэн хүнд бүлгийн хүүхдүүдэд дотуур байрны үйлчилгээг үзүүлдэг. Манай сургуулийн захирлын нөхөр нь орос хэлний цагийн багшаар ажилладаг ба 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр сурагчийн биед гар хүрч, цохиж, зодож, өшиглөж, улмаар өмд нь урагдсан ба хүүхэд шалан дээр хэсэг хугацаанд хэвтэж байгаад уйлаад гараад явсныг ангийн хүүхдүүд нь гэрчилдэг. Гэрч хүүхдүүд хэлэхдээ "Үеийн хүнтэйгээ зодолдож байгаа мэт авирласан. Бид их айсан. Урд өмнө нь бас зодсон. Ер нь их ууртай. Биднийг их хүчтэй нясалдаг" гэсэн. Учир шалтгааныг лавлахад "Сурагч цүнхээ авахдаа ширээн дээр байсан сандлыг санамсаргүй унагааснаас багш уурлаж зодсон" гэжээ. Сурагчийн ээж хэлснээр хүүхэд уйлсаар гэртээ ирсэн ба яасныг лавлахад орос хэлний багш зодсон, хичээлдээ дахин явахгүй гэсэн.
Сэтгэлзүйчийн хэлснээр тухайн сурагч эрэгтэй хүүхэд ба сэргэлэн цовоо, цаашид хөгжиж сурах бүрэн боломжтой хүү гэв.
Хүүхэд тэр өдрөө халуурсан ба 2022 оны гуравдугаар сарын 9-25-ныг хүртэл хичээлдээ ирээгүй ба тав хоног нь акттай, үлдсэн хоногуудад хичээл тасалсан бүртгэлтэй байсан. Хүүхдийн ээж сургуулийн захиралтай уулзахдаа "хүүхэд халуураад байна" гэхэд захирал нь "Танай хүүхдийн буруу. Гэхдээ би эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгнө. Харин чи миний нөхрөөс уучлалт гуйгаарай" хэмээгээд дансаар "Захирал" хэмээх утгатай гүйлгээ бүхий 40 мянган төгрөг шилжүүлсэн нь хуулгаар баталгаажих боломжтой. Хүүхдийн ээж айхдаа уучлалт гуйсан.
Энэ үйл явдал болоход би акттай байсан ба 16-ны өдөр ажилдаа ирэхэд ангийнх нь хоёр хүүхэд орж ирж надад хэлсэн. Ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалган очиж өвөө, эмээ, ээжтэй нь уулзахаас гадна хүүхэдтэй ганцаарчлан уулзаад 28-нд хичээлдээ ирэхээр болсон.
Миний хувьд захирал өөрөө энэ талаар хэлэхийг хэсэг хугацаанд хүлээсэн боловч хэлээгүй. Тиймээс би яагаад ийм зүйл болсныг асуухад "Чи хэн бэ, түмний хүүхдийн төлөө өөрт байгаа бүхний зориулж байгаа би чам шиг юмаар шүүлгэхгүй" гэж хэлсэн. Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг нуун дарагдуулж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ядарсан хүмүүст дээрэнгүй хандаж, хүүхдийг хамгаалаагүй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй, удирдлагын хувьд авах ёстой арга хэмжээг яагаад аваагүйг би асуусан. Хүүхдийн өмдийг сургуулийн үйлчлэгчээр угаалган, технологийн багшаар оёулсан байсан. Энэ доромжлол уу, хүндлэл үү. Энэ бүгдээс харахад хүнлэг энэрэнгүй байдал алдагдаж, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, эрх мэдлээ ашиглан бусдын эрх зүйн байдлыг дордуулж, хүний ёс суртахууныг ноцтой зөрчсөн бүдүүлэг үйлдэл.
Бие хүний төлөвшлийн 80 хувь нь хүүхэд насанд суудаг. Хүүхдийн сэтгэлзүйн хамгийн анхдагч хэрэгцээ бол аюулгүй орчин юм. Өөртөө итгэлтэй хүүхэд сурах эрмэлзлээр дүүрэн байдаг. Сургуулийн орчин ямар нэгэн айдас түгшүүртэй байх ёсгүй. Хүүхэд одоогоор айдас түгшүүртэй, хичээлийн хоцрогдолтой, сэтгэл гутралтай байна. Тиймээс бодит нөхцөл байдлыг үндэслэн сургуулийн захиралд хариуцлага тооцож өгнө үү. Энэ нь Төрийн албаны ялзрал, өөрт давуу байдлыг олгох, хүнд суртал, ашиг сонирхлыг илүүд үздэгийг энэхүү нөхцөл байдлаас харагдаж байна" гэлээ.
Хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Сэтгэлзүйчийн хэлснээр тухайн сурагч эрэгтэй хүүхэд ба сэргэлэн цовоо, цаашид хөгжиж сурах бүрэн боломжтой хүү гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ