"Бага болон өсвөр насныхан цахим орчинд үл таних хүнд зураг, бичлэгээ явуулахгүй байхыг анхааруулж байна"

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас зарим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн "Улсын хэмжээнд 2015-2021 онд цахим орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг өссөөр байна.

Сүүлийн үед уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд нь хохирогчдын хэт хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад худалдаж байгаа бөгөөд эмэгтэй хүн, эмэгтэй хүндээ бэлгийн сүрдүүлэг хийж байгаа үйлдлүүд тогтоогдсонд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Тиймээс өсвөр насны хүүхдүүд үл таних хүнд өөрийн зураг бичлэгийг явуулахгүй байж, өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө төлөө хувийн мэдээллээ гэмт хэрэгтнүүдийн гарт оруулж болохгүй.

Өөрийн цахим хаягийн нууц үгийг бусдад өгөхгүй байж, интернэтээс сэжигтэй элдэв программ татаж компьютертоо суулгахгүй байх, өөрийн и-мэйл, фэйсбүүкт сэжигтэй найзлах хүсэлт ирсэн тохиолдолд асран хамгаалагч, насанд хүрсэн хүмүүст заавал мэдэгдэж байх үүрэгтэй.

Ийм төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг нууцалсан байдлаар ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба фэйсбүүк хуудас 24 цагаар хүлээн авч байгааг сануулж байна" хэмээн хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ