​ЦЕГ: Цахим сугалаанаас хохирсон 4000 хүн хуулийн байгууллагад хандсан

Сүүлийн хэдэн жил цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сошиалаар янз бүрийн азтан шалгаруулах, сугалаа явуулах нь нэмэгдсэн.  Тэр хэрээр нийгмийн сүлжээнд хохирсон, хулхидуулсан иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. 

Иймд уг асуудлыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Э.Доржсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр, "Маш олон сугалаанууд бий. Энэхүү сугалаанд иргэн өөрөө эсвэл ойр дотны хүмүүс азтан болоогүй тохиолдолд залилуулж байна гэж хараад байдаг. Сугалаа явуулах гэж буй иргэн, хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд сугалаа явуулах эрхтэй болдог. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдээс ирж байгаа гомдлын дагуу шалгах үүрэгтэй. Гэхдээ үүн дээр гэмт хэргийн шинж байгаа эсэх, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан үгүйг шалгадаг. Зөвшөөрөл аваагүй бол сугалаа нь хууль бус болно. Хувь хүмүүс цахимаар сугалаа явуулах тал дээр зөвшөөрөл авсан эсэх нь чухал. Аваагүй бол тэр нь хууль бус юм гэлээ.

2020 онд гэхэд л цахим орчинд мөрийтэй тоглуулах, лайваар азтан тодруулж шалгаруулах гэмт хэргийн улмаас хохирсон 4000 хүн хуулийн байгууллагад хандсан байна. Уг хонжворт сугалаа нь ААН-ийн Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу холбогдох баримт материалаа бүрдүүлж, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой үйл ажиллагаа юм. Үйл ажиллагаагаа ингэж албан ёсоор явуулснаар орлогын 40 хувийг татварын албанд тайлагнах ёстой байдаг аж. Иймд иргэн, ААН-үүд цахим орчинд хонжворт сугалаа явуулах гэж буй бол зөвшөөрөл авах ёстойг сануулъя" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ