"Түр саатуулсан, эрүүлжүүлсэн залуусыг бүгдийг сулласан"

Сүхбаатарын талбайд үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал үргэлжилж байна. Тус жагсаалд өчигдөр оролцсон 20 гаруй иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан тухай мэдээлсэн.
Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд түр саатуулсан залуусыг өнөөдөр /2022.04.08/ суллаж эхэлжээ.Энэ талаар цагдаагийн дэд хурандаа Б.Алтангадас "Нийтдээ 50 иргэнийг зургаан цагийн хугацаанд түр саатуулсан. Үүнээс 19 иргэн согтууруулах ундаа хэрэглэснийг багажаар тогтоож эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Бусад иргэнийг суллах тогтоолыг танилцуулаад, ихэнхийг явуулсан" гэв.
Суллагдсан залуус "Талбайн жагсаалд оролцоогүй. Харих гээд төв зам дагуу алхаж явахад шалтгаангүй баривчилсан". "Ажлаа тараад гэртээ харих гээд явж байтал цагдаа барьж авч зодсон. Туслах гээд очсон хоёр найзтай хамт гурвууланг нь түр саатуулах байранд аваад ирсэн". "Согтуу байна гэж гүтгээд, үлээлгэж үзээгүй хэр нь энд аваад ирсэн" гэх зэрэг тайлбарыг хэлж байна.
Цагдаагийн байгууллагаас саатуулсан залуусыг асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ