Л.Оюун-Эрдэнэ:Жагсагчидын 15 шаардлагын 11-ийг нь хүлээж авлаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Сүхбаатарын талбайд жагсаж буй залуучуудын шаардлагыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч ирж хурлаас гаргасан шийдвэрээ жагсагчдад танилцууллаа. 

Тэрээр "Залуучууд та бүхний тавьсан 15 зүйл бүхий шаардлагыг Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэлэлцээд дараах хариуг өгч байна.

  1. Засгийн газар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Сая УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргатай утсаар холбогдсон. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор баталъя гэж шийдлээ. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсөж байгаа. Магадгүй 1000-аас дээш төгрөгөөр өсөх магадлалтай шатахуун болон мах, гурил, хэлэлцүүлгийн явцад шаардлагатай гэж үзсэн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлнэ.
  2. Засгийн газрын хуралдаанд ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын удирдлагууд оролцож мэдээлэл хийсэн. Өчигдөр баривчлагдсан залуусыг бүгдийг нь сулласан гэж мэдээлсэн. Мөн ямар нэгэн хэлбэрээр дахиж асуудал үүсгэхгүй гэдгийг дээрх байгууллагуудын удирдлагууд мэдэгдсэн. 
  3. Авлига, албан тушалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журам буюу ял наймаалцах байдлаар шийдэхгүй, ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хөгжлийн банк, ЖДҮ гэх мэт олон жилийн турш яригдаж байгаа нөлөө бүхий хүмүүс нэр холбогдсон асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө та бүхэнтэйгээ хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.
  4. Засгийн газар ковидын үед хэрэгжүүлж байсан хэмнэлтийн горимоор ажиллах тухай тогтоолоо сэргээлээ. Ингэснээр төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын автомашин унахгүй.
  5. Албан тушаалтнуудын өрөө тасалгаанд метр квадратын шалгуур тавих зэрэг хэмнэлттэй холбоотой асуудлуудыг Засгийн газар шийдвэрлэлээ. ТӨХК-уудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, олон нийтийн өмч болгоно.

Та бүхний шаардсан нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, НӨАТ-ын сугалааг явуулахгүй байх, НӨАТ-ын хувь хэмжээг өөрчлөх, сонгуульд хар машин ашиглахгүй байх, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах зэрэг асуудал нь Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй УИХ-тай хамтарч шийдэх асуудал юм" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ