Д.Дэлгэрсайхан: Шинээр иргэний үнэмлэх авч байгаа иргэдэд шинэ загварын үнэмлэх олгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: -Регистрийн дугаарын оронд 12 оронтой дугаар ашиглахаар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн иргэний үнэмлэхийг шинэчлэх үү. Хэдий хугацаанд ямар хөрөнгөөр солих вэ. Хэмнэлт хийхийг шаардаж байгаа үед жаахан л асуудал гарвал иргэдийн бухимдал дэвэрч байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ: -Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг УИХ өнгөрсөн онд баталсан. Энэ хуулиар регитрийн дугаар нь хүний нууц мэдээлэлд багтаж байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.ДЭЛГЭРСАЙХАН: -Үүнд ямар нэгэн зардлын асуудал гарахгүй. Иргэдийн иргэний үнэмлэх хүчинтөгөлдөр хэвээрээ байна. Харин 16, 25, 45 насанд шинээр иргэний үнэмлэх авч байгаа болон гээгдүүлсэн иргэдэд шинээр олгоходоо шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Хүсвэл иргэд шинэ үнэмлэх авч болно. Үгүй бол хуучин үнэмлэх нь хүчинтэй хэвээрээ л байна. Иргэний үнэмлэхээ дахин хэвлүүлэхэд 18300 төгрөг байдаг. Жилд хамгийн багадаа 100 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэж үзвэл иргэд нэг тэрбум 830 сая төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Тиймээс хаягийнх нь мэдээллийг мэдээллийнхээ сангаас гадна иргэний үнэмлэхнийх нь чипэнд оруулна. Сүүлийн зургаан хаягных нь мэдээллийг оруулах юм. Тэгэхээр шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ үнэмлэхээ шинэчлэх шаардлагагүй болж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ