"Нураасан гараашны газар дээр барилга бариулахгүй. Мод тарина, явган хүний зам барина"

Олон нийтийн сүлжээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд иргэн Б.Доржсүрэнгийн худалдаа үйлчилгээ, авто гараашийн зориулалттай хоёр давхар барилгын зургийн талаар мэдээлэл цацагдсан.
Энэ асуудалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт хүргүүлжээ.
Хүсэлтэд тухайн иргэний эзэмшлийн газрыг хүчингүй болгож нийтийн эзэмшилд авч барилга байгууламж барих бус иргэдийн амьдрах орчинд нэн шаардлагатай ногоон байгууламж, явган зам гэх мэт цогц тохижилтыг хийх шаардлагатай байгаа талаар дурдсан байна.
Баянзүрх дүүргийн удирдлагын багийн хувьд чөлөөлсөн газарт хүн амын нягтаршлыг нэмэгдүүлэх барилга байгууламж бариулахгүй гэдэг байр суурьтай байна. Харин ногоон байгууламж, явганы зам зэрэг иргэдийн амьдрах орчинд хэрэгтэй тохижилтын ажлуудыг дэмжиж ажиллах болно гэв.
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Бид барилга бариулахгүй, зөвшөөрлийг нь цуцална. Нурааж буй бүх гараашны оронд мод тарина, явган хүний зам барина, тохижуулна" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ