Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын хамгаалалтад авна

Өмнөговь аймагт улсын тусгай хамгаалалттай газар дөрөв бий. Үүнд, Говийн Бага дархан цаазат газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, Загийн усны тусгай хамгаалалттай газар багтдаг. Харин энэ онд шинээр Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар салбарын яамнаас төлөвлөсөн байна.

Засгийн газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавиад буй.

2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Нийт газар нутгийн 30 хувийг хамгаалж чадвал экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой аж. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар нар энэ сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллажээ.

зураг
 

Улсын хэмжээнд нийт 215 газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаагаас Өмнөговь аймагт 12 газар байна. Аймгийн удирдлагуудын зүгээс дээрх 12 газарт судалгаа хийж, эхний ээлжид орон нутгийн тусгай хамгаалалтад авч эхэлжээ.

Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагддаг, хуурайшилт ихтэй говийн бүсийн аймаг хэдий ч нийт газар нутгийнхаа 70 хувийг хамгаалалтад авч чадсан байна.

Одоогийн байдлаар Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 36 хүний бүрэлдэхүүнтэй, Говийн бага дархан цаазат газар 19 байгаль хамгаалагчтай, Тост тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаа 8 хүний бүрэлдэхүүнтэй тус тус ажиллаж байна. Цаашид хамгаалалтын захиргаадад хүний нөөцийн асуудал, байгаль хамгаалагчдын хангамж, ажлын нөхцөлийг сайжруулах, ховор ан амьтдыг хулгайн анчдаас хамгаалахад хуулийн дагуу хариуцлага тооцдог байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг ажлын хэсэгт уламжиллаа.
зураг
 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газруудын талаарх саналаа нэгтгээд УИХ-ын ажлын хэсэгт ирүүлэхийг хүслээ. Улсын тусгай хамгаалалтад авсан газруудад тодорхой хязгаарлалтууд гарах учраас малчин өрхүүдийг дэмжих бодлого, отрын бүс болон бэлчээрийн даацыг зохицуулах зэрэг асуудал тулгарахыг сануулав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй байх, байгаль хамгааллын менежментийг оновчтой болгох, хуулийн төсөлд орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудыг саналаа өгч хамтран ажиллахыг хүслээ.

зураг
 

БОАЖЯ-наас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны эхний хагас жилд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ