Хустайн байгалийн цогцолборт газар 390 гаруй тахьтай болжээ

Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай сумын нутагт 50.6 мянган га газрыг хамарсан Хустайн байгалийн цогцолборт газрыг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авч, тахи нутагшуулж эхэлсэн. Өдгөө тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдсэн байна. Эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болжээ. Жилээс жилд тус цогцолборт газрыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 32 мянган жуулчин ирснээс 18 мянга нь гадаадын жуулчид байсан байна.
Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгаа аж. Мөн байгалийн цогцолбор газрын хилийн цэсийн дагуу өвөлжөөний газар олгодгоос болж бэлчээрийн даац хэтрэх болжээ. Энэ газарт тахийг анх нутагшуулахдаа амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх зорилгоор айлуудыг нь нүүлгэн шилжүүлж байв. Өвөлдөө цаг хүндрэх үед тус газрын байгаль хамгаалагчид тахид хужир, өвс тавьж өгөх зэргээр арга хэмжээ авдаг байна. Байгаль хамгаалагчдын хамгийн тулгамдсан асуудал нь бэлчээрийн мал аж. Учир нь, хамгаалалтын бүсийн эргэн тойронд байгаа 100 мянга гаруй мал тахийн бэлчээртэй давхацдаг байна. Тиймээс байгаль хамгаалагчид бэлчээрийн малыг хөөж хамгаалалтын газраас гаргадаг байна. Түүнчлэн бэлчээрийн малын хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж, үрэгдэж байгааг тус хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ