Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний эрх мэдэл биш

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Фрийдом хаусын “эрх чөлөөний газрын зураг”-т Монгол Улс цэлэлзсэн хөх далайн дундах ганцаардсан ногоон арал мэт харагддаг. Чөлөөт бус улс орнуудаар хүрээлэгдсэн эрх чөлөөт орон гэдгийг дүрслэн харуулдаг болохоор тэр.
Эрх чөлөө гэдэг өөрөө бий болчихдоггүй, ямагт их үнээр, тэмцлээр олддог зүйл. Эрх чөлөөний төлөөх тэмцлийн үнийг бүгд төлдөггүй, тодорхой цаг үед тодорхой хүмүүс төлдөг ч үр шимийг нь харин үе үеэрээ, бүх нийтээрээ хүртдэг. Эрх чөлөөний үнийг биеэрээ мэдрээгүй хүмүүс эрх чөлөөний агуулгын талаар тэгтлээ эргэцүүлдэггүй нь ч гайхах зүйл биш ээ.
Жам ёсны энэхүү эрх чөлөөгөө эдлэхэд маань дутаж болохгүй нэгэн чухал эрх бол мэдэх эрх, эрх чөлөө билээ. Тэр тусмаа үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлыг байгаагаар нь мэдэх эрх.
Ардчилсан оронд хэвлэл мэдээлэл ийнхүү хүмүүст мэдэх эрхээ эдлэх боломж олгодог, түүгээрээ бусад эрхээ хамгаалах чухал баталгаа бүрдүүлж өгдөг учраас л түүнийг дөрөв дэхь засаглал гэж үздэг. Ач холбогдлынх нь хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд бусад салаа мөчиртэй адилтган үзэж байна гэсэн үг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт эрх олгож байгаагаас илүүтэй онцгой үүрэг, хариуцлага ноогдуулж байгаа хэрэг юм.
Хариуцлагагүй эрх мэдэл, эрх чөлөө гэж байх ёсгүй. Та бид өөрсдийнхөө эрх, эрх чөлөөг хариуцлагатайгаар хамгаалахыг, сайн засаглал төлөвшүүлэхийг УИХ, Засгийн газар, шүүх засаглалаа сшаарддаг шигээ ийм шаардлагыг дөрөвдэх засаглалд ч мөн тавихаас аргагүй.
Манай хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаас хийсэн удаа дараагийн судалгаагаар Монголын сэтгүүлчдийн олонх нь хараат бусаар ажиллах нөхцөл баталгаажаагүй бөгөөд тэд өөрсдийгөө юун түрүүнд эздээсээ, улс төрчдөөс, мөнгөнөөс хамааралтай байгаа гэж үзсэн байдаг.
Угтаа хэвлэлийн байгууллага ч бас бизнесийн байгууллага. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн бизнес гэж ярьдаг. Энэ бизнес нөлөөтэй бизнес. Энэ нөлөөгөө л мөнгө болгож хувиргах замаар оршин тогтнодог болохоос биш бизнесийн сонгодог утгаар бол шууд ашигтай үйлдвэрлэл бас биш байх. Өөрийн үйл ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлээд бие даагаад явах боломж, найдвар муутай гэсэн үг. Энэ онцлогоосоо болоод хэн нэгнээс хамаарах нөхцөл рүү шахагддаг.
Гэхдээ эрх чөлөө нэрийн дор бусдын эрх рүү халдаж болохгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа эрх чөлөөгөөр далайлган эрх мэдлийг санаархаж болохгүй. Бид УИХ-ын гишүүдийг муу ажиллалаа гээд тэдний өмнөөс хууль батлах ёсгүй, эмч нарыг хариуцлагагүй гээд мэс засал хийж чадахгүй, шүүх шударга бус гэлээ гээд бид хэн нэгэнд цаазын ял төлөвлөж болохгүй.
Өнөөдөр хүсэмжлэх болсон хэвлэлийн эрх чөлөө маань яг юу вэ? Эрх мэдэл, бүр хэнд ч цагдуулдаггүй, хэнээр ч хянуулдаггүй, хууль, хууль сахиулагч, шүүх засаглал ч халдаж чадахгүй байх тийм эрх дархыг бид санаархаад байгаа юм биш биз?! Эрх чөлөө, эрх мэдлийн хооронд их ялгаа бий.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ