Хүүхдийн тоглоомын талбайд согтуурч, бие зассан иргэнийг 35 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд энэ сарын 02-ны өдөр хүүхдийн тоглоомын талбайн саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа дөрвөн иргэний гэрэл зураг болон хүүхдийн гулсуур доор сууж бие зассан эмэгтэйн бичлэг цацагдсан.

Дээрх үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулав. Шалгалтаар  энэ сарын 02-ны өдрийн өглөө 06:00 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 насны дөрвөн иргэн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан. Улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

Иймд, иргэн Г-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар, иргэн Д, А, В нарт мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл.
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ