Монгол, Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар мэдээлэл, туршлага солилцлоо

Жайка нь БШУЯ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” буюу START2 төслийн II шатыг хэрэгжүүлж байна. 2020 оны 9-р сард хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь 2-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилт дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

START2 төсөл 2022.05.31-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх болон Японы хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар мэдээлэл, туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төв нь цар тахлаас үүдсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгах, суралцахуйг дэмжих зорилгоор тус төслөөс зарласан “Бичил төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү эцэг эхийн мэдээлэл солилцох уулзалт нь бичил төслийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төв нь гэр бүлийн, иргэний, ёс суртахуун-төлөвшлийн, гоо зүй-мэдрэмжийн, амьдрах ухааны гэсэн 5 чиглэлийн агуулгын хүрээнд иргэдэд насан туршийн боловсролыг олгодог. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явуулын багшийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа “Хөгжлийн бэрхшээлтэй учраас сурч чадахгүй байна”, “Сургуульд явсан ч өсч хөгжих баталгаа байхгүй”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг маань ямар ирээдүй хүлээж байгаа бол” гэж олон эцэг эх санаа зовж байдгийг олж мэдсэн. Тиймээс бид Японы ердийн сургууль, цэцэрлэгт амжилттай суралцсан 2 залуугийн түүхийг хуваалцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Монгол, Японы ээж, аав нар туршлага, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулахаар ярилцсан.

Тэгтэл сайхан тохиол болж 2022.05.31-нд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв хамтран “Хүслийн жигүүр” уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан.

“Хүслийн жигүүр” уулзалт, өдөрлөг

“Хүслийн жигүүр” уулзалт, өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг, эх асран хамгаалагч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Хороодын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөөс нийт 200 хүн оролцсон бөгөөд тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохиогдож буй үйл ажиллагаа, бодлого, үйлчилгээний талаар мэдээлэл хуваалцсан.

Харин энэхүү үйл ажиллагаанд төслийн зүгээс амьсгалын аппаратын тусламжтайгаар их сургуульд суралцангаа ажил хийж байгаа Арай Юүтаро, тархины саажилтын улмаас тэргэнцрийн тусламжтайгаар өдөр тутмын амьдралд оролцон энэ жилийн хавар их сургуулиа төгссөн Маэда Рэн гэх 2 залуу ердийн сургууль, цэцэрлэгт хэрхэн суралцсан тухай түүхийг танилцуулсан. Түүний дараа 2 залуугийн ээж Арай Мари болон Маэда Микиёо нартай ярилцах хүсэлтэй байсан 12 эцэг эхийг цахимаар холбон мэдээлэл солилцсон.

START2 төслийн мэдээлэл солилцох цахим уулзалт

Хэдий нэг цаг гэсэн богинохон хугацаанд ярилцсан ч “Ердийн сургуульд хүүхдээ элсүүлэх үед эцэг эх хэрхэн сургуультай хамтран ажиллах вэ”, “Сургууль руу ирж, очих тухай”, “Үе тэнгийн хүүхдүүдтэй харилцах замаар хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлэх тухай” гэх мэт олон сонирхолтой сэдвийн хүрээнд санал сэтгэгдлээ солилцсон. Монгол аав, ээж нар “Бүх хүүхэд боловсрол эзэмших эрхтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүүхэд хүүхдийнхээ дунд хөгждөг гэдгийг ойлголоо” гэж хэлж байлаа.

Япон ээж нар “Хэдий өөр улс ч гэсэн адилхан л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас ээж нар ижилхэн зүйлд санаа зовж байдаг. Тиймээс бүгдээрээ хамтдаа хичээцгээе”, “Хичээл номыг дараа нь сурч болдог. Харин үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцаж, хамт байх үеийг дараа нь нөхөж болдоггүй. Тиймээс энэ үе маш чухал гэж бодож байна. Өмнө нь нэг их сургуулийн профессор надад “Ердийн сургуульд суралцдаг хүүхдүүдийн харилцааны чадвар сайн байдаг. Энэ нь ирээдүйн амьдралд хамгийн чухал чадвар болдог.” гэж хэлж байсан.”, “Бэрхшээл нь эдгэрч алга болсон” учраас эсвэл “Тусгай дэмжлэг”-ийн ачаар хүү маань ердийн сургуульд суралцаж төгсөөд их сургуульд элсэн орч чадсан гэвэл өрөөсгөл юм. Хөгжлийн бэрхшээл нь алга болох бус хүүг маань байгаагаар нь хүлээн авсан учраас одоо нийгмийн гишүүн болж бие даан амьдарч байна.” гэх мэтчилэн өөрсдийн туршлага, саналаа хуваалцсан.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран олон төрлийн хүмүүс амьдардаг. Энэ нь боловсрол эзэмшихэд ч мөн адилхан бус уу? Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа суралцаж болно гэдгийг бага наснаасаа ойлгон хүлээн авах нь ирээдүйд нийгмийг өөрчлөх хүч болох биз ээ. Тэгш хамран сургах боловсрол Монгол улсын хэмжээнд түгээн дэлгэрч, бүх хүүхэд хамтдаа суралцах боломжийг бүрдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хичээх болно.

Бидний өдөр тутмын үйл ажиллагааны талаарх мэдээллийг дараах хаягуудаас авах боломжтой.

Facebook: https://www.facebook.com/JICA.START.2

Цахим хуудас: https://www.jica.go.jp/project/mongolian/mongolia/029/index.html

СЭТГЭГДЭЛ БИЧИХ