Зохиолч Ц.Ганга: Би хайрыг сонгосон алдаанаасаа сэдэвлэж, тууж бичсэн

              Өнгөрсөн сарын 20-доор ээлжит "Номын баяр" Д.Сүхбаатарын талбайд болсон билээ. Энэ үеэр эрэлт хэрэгцээ, борлуулалт сайтай байсан номын нэг бол зохиолч Ц.Гангын "Хайрыг хүснэ" хэмээх тууж. Өсвөр насныханд зориулсан энэ туужийг бичсэн бүсгүй өдгөө Японд ажиллаж, амьдарч буй. Ингээд зохиолч Ц.Гангатай хийсэн ярилцлагыг сонирхуулъя.    
No description available.
      
-Зохиолч хүнтэй ярилцаж буйнх сүүлийн үеийн уран бүтээлийн чинь талаар ярилцлагаа эхлэх үү?                

 -"Зохиолч" гэж хэлсэнд баярлалаа. Гэхдээ өөрийгөө шууд "зохиолч" гэж хэлэхэд арай эрт байна л даа. Тиймээс зохиогч гэж явъя гэж бодож байна. Би "Хайрыг хүснэ" туужаа хэвлүүлээд удаагүй. Анхны уран бүтээл минь л дээ.                

  -Таны анхны уран бүтээл тууж байгаа нь эрхгүй сонирхол татаж байна л даа...                          

 -Би эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг байлаа. Уран зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл хоёр асар их ялгаатай юм билээ. Хүний сэтгэл зүрх, мэдрэмжийг илүү илэрхийлдэг уран зохиол бичих нь илүү хэцүү санагдсан шүү. Багш, хамт олныхоо ачаар л давж гарсан даа.                                         

  -Ихэнх зохиолч уран бүтээлээ шүлэг, яруу найргаар эхэлдэг бол та эсрэгээрээ...                     

 -Хүүхэд байхдаа шүлэг мэр сэр бичдэг байсан л даа. Аав маань шүлэг, яруу найраг оролддог, яруу найрагч найзууд нь манайхаар орж гарна. Харин би шүлгээ тэгсгээд орхичихсон юм. Сэтгэлийн угт "Шүлэг бичих сэн" гэдэг бодол үргэлж байсан шүү.              

  -"Хайрыг хүснэ" туужийг яагаад бичих болов?                                         

 -Намайг 15 настай байхад хүмүүс "Одооны хүүхдүүдэд шилжилтийн нас гэж нэг юм байх юм. Бид багадаа тэр шилжилтийн нас гээчийг нь туулаагүй" гэж ярьдаг байсан. Гэтэл багадаа тэгж хэлүүлж байсан тэр хүмүүс одоо насанд хүрчхээд яг адилхан зүйл ярьж байгаа. Шилжилтийн нас гэдэг бол бүх зүйлийг гэгээлгээр хардаг байсан хүүхэд наснаасаа бүхий л зүйл гэрэл гэгээтэй бас сүүдэртэй байдгийг мэддэг том хүн болох явц руу шилжиж буй нас л даа. Энэ үед бүх зүйлийн сөрөг талыг олж хардаг. Энэ үеийнхэнд зориулсан бүтээлүүд хомс. Би их зөрүүд хүүхэд байлаа. Гэхдээ зөрүүд зангаа ээждээ гаргасан удаа үгүй. Гаргаагүй л болохоос өөрийгөө хэн болохыг мэдэх гэсэн, бусдаас юугаараа ялгарахыг таних гэсэн нас байлаа. Тиймээс энэ насныханд зориулсан, тэдний нүдээр харсан зохиол бичих сэн гэж нэлээн бодсоны эцэст бичиж эхэлсэн.                  

    -Та амьдралаасаа сэдэвлэсэн гэв үү?                       

 -Амьдралынхаа алдаанаас, тухайн алдаанаас үүсдэг мэдрэмжээс сэдэвлэсэн. Ганцаараа үлдэхгүйн тулд, хэн нэгнийг мартахгүйн тулд, гэр бүлийнхэн нь "гэрлэ" гэж яаруулаад байсан болохоор хайрыг сонгох үе байдаг л даа. Чухам яг ийм алдаанаасаа сэдэвлэсэн юм. Би ийм алдаа залуусын дунд нийтлэг байдаг гэж боддог. Ийм алдаа гаргахдаа би 25 настай байлаа. Харин туужийн маань гол баатар 17 настай. "Ганцаардлыг даван туулах арга нь хайр юм байна" гэж боддог охин л доо. "Ганцаараа үлдэхгүйн тулд намайг алах алуурчинтай байсан ч хамаагүй. Хэн нэгэнтэй баймаар байна" хэмээн тэр охин бодож буйгаар зохиол маань эхэлдэг юм.                           
-Энэ туужаас таны 20 хэдэн настайдаа туулсан амьдралыг мэдэж болох нь ээ...               

-Туулсан мэдрэмжүүд гэвэл арай илүү оновчтой байж магадгүй. Учир нь гол дүр минь төөрөлдөж, алдаж эндээд явж байгаа боловч амьдралд нь том хар толбо болохоор ноцтой алдаа гараагүй. Ер нь бол хайрлаж, уулзаж, гомдож, гомдоож, шархалж болно. Тийм байх тусмаа л амьдралын сайхныг мэднэ байх. Харин тухайн харилцаанаас өөр нэг хүн бий болоод, тэр хүний амьдралаар тоглоод эхлэхээрээ гунигтай л даа. Зохиолд маань тийм зүйл гарахгүй. Гэвч алдаатай байж болох үйлдлүүд бий шүү.           
No description available.

-Тууж бичих санаа хэзээ төрж, хэдий хугацаанд дуусав?                                  

-За бараг нэг жил болсон. Болор-Эрдэнэ багш маань байгаагүй бол дуусгахгүй, дундаас нь орхиж ч магадгүй байсан байх. 

-Сүүлийн үед эмэгтэйчүүд зохиол бүтээл бичих нь ихсэж. Энэ талаарх таны бодол...                                       

-Зохиол бүтээл туурвих, мэргэжил сонгох гэх мэтэд хүйс нэг их хамааралгүй гэж боддог л доо. Эмэгтэй хүн цэрэг ч болж болно, эрэгтэй хүн нүүрээ будаад, түүгээрээ дамжуулан, бусдад гоо сайхан байх талаар илэрхийлж чадах зүйлээ харуулж ч болно гэж боддог.         Анхны роман гэгддэг гэнжи моногатариг эмэгтэй хүн зохиож байлаа. Өөр талаас нь аваад үзвэл манай нийгэмд бичих, оюуны хөдөлмөр эрхлэх талаар эрэгтэйчүүдийн оролцоо муу байдаг байж болох л юм. Эр хүн амьдралаа авч явах хэрэгтэй байтал яруу найраг гээд яваад байх бололцоогүй байх. Ааваараа жишээ аваад яривал аав маань бичихийг их хүсдэг байсан ч амьдрахын тулд ажиллах хэрэгтэй байлаа. Японд докторантурт, их сургуульд сурч буй залуусын ихэнх нь эмэгтэй. Нөхрүүд нь эхнэрийнхээ визэн дээр ажил хийгээд, амьдралаа авч явдаг. Ийм үзэгдэл зөвхөн Монголд байгаад байгаа зүйл биш юм аа.  Эр хүн амьдралаа авч явах хэрэгтэй учраас олон эр хүн хүсэл сонирхлоосоо татгалздаг. Энэ нь Японд ч нийтлэг л дээ.         

 -Зохиолоо японоор хэвлүүлэх бодол бий юу?                                                   

   -Монголыг илүү төлөөлж чадах бүтээл японоор бичих сэн гэдэг хүсэл байдаг. Япончуудад монгол хэл, соёл заадаг учраас надаас үргэлж асуудаг зүйл байдаг л даа. Ер нь япончууд Монголын тал нутаг, байгалийн үзэмжээс илүү монгол хүний сэтгэлд, харилцаанд илүү татагддаг. Эхний удаадаа монгол ахуй соёлыг харах гэж ирж магадгүй. Харин хоёр, гурав дахь удаагаа Монголд аялахаар очдог япончууд монгол хүний харилцаанд татагддаг л даа. Монголынх шиг байгаль, адуу дэлхийн хаана ч бий. Харин монгол хүн шиг ил цайлган, өөрийнхөөрөө, тоомжиргүй, хэнэггүй харьцдаг хүмүүс ховор байх. Хайр нь ч, атаархал нь ч харцанд нь илэрч байдаг ард түмэн шүү дээ. Надад ч бас үндэстнийхээ соёл, онцлог, сэтгэл зүрхнийх нь тухай илүү энгийнээр, бусадтай л адил гунигладаг, шаналдаг, баярлаж хөөрдөг гэдэг талаас нь бичих хүсэл байдаг.        

 -Дараагийн төлөвлөгөөг тань сонирхож болох уу?                  

-Би одоо нэг бүтээл эхлүүлчихсэн. Товчхон хэлбэл хүйсийн талаар юм. Монголд хүн болж төрөхөөс илүүтэй хүйстэй болж төрөх нь чухал гээд хэлчихэд илүүдэхээргүй хүйсэнд ач холбогдол өгдөг. Нэг жишээ авъя. Японд амьдардаг монгол охин ангийнхаа гадаад залуутай маргаж л дээ. Нөгөө гадаад залуу нь гар далайсан юм байна. Гэтэл ангид нь сурдаг монгол залуу хамгаалсангүй. Нөгөө охин нутаг нэгт залууг буруутгахдаа "Эр хүн байж намайг хамгаалж, гар далайсан залуутай муудалцсангүй" гэдэг шалтгаан хэлж байсан. Тэр монгол залуу гар далайгчийн талд байсан ч байж болно. Тэглээ гээд түүнийг эр хүн учраас гэдэг шалтгаанаар буруутгах нь зохисгүй л дээ.             

   -Онгодын талаарх бодлыг тань сонирхъё...                         

      -Энэ талаар яг сайн хэлж мэдэхгүй л байна. Яруу найраг бичихэд хамгийн чухал зүйл байх л даа. Миний хувьд зохиолынхоо баатрын оронд өөрийгөө орлуулж чадвал бичих илүү амархан болдог.                       

   -Таны онгод хэзээ ордог вэ?                                               

-Ганцаардал, гуниг л бичих хүслийг илүү их төрүүлдэг. Өнгөрсөн жил корона гараад гэрээсээ ажиллах болсон л доо. Ганцаараа байх боломж гарсан энэ хугацаанд анхны бүтээлээ бичиж дуусгасан.                                           

 -Ингэхэд танд зохиол бүтээл бичихэд зөвлөдөг багш бий юу?           

  -Францад амьдардаг гэр бүлийн хоёр буюу зохиолч Болор-Эрдэнэ, Эрдэнэсолонго хоёр яг жилийн өмнө "Mongolian writer" гэдэг уран зохиолын бүлгэм байгуулсан юм. Тэнд дэлхийн олон оронд амьдардаг, зохиол бүтээл сонирхож оролддог хүмүүс нэгдээд сар бүр 1-2 удаа бямба гарагт цугларч, уран зохиолын талаар ярилцан, бичих санал солилцдог болсон. Тэнд ороод л анхны бүтээлийнхээ ард гарлаа. Уран бүтээл ярьдаг хүмүүсийн дунд байхад  бичих хүсэл илүү их төрдөг. Манайхан түрүүчээсээ бүтээлээ хэвлүүлээд, нийтэд хүргэж байна.                              

 -Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Японд хэр удаан амьдарч байна вэ?                                   

  -Анх 2004 онд сурахаар ирж байлаа. Дунд нь гурван жил буцсаныг эс тооцвол нэлээдгүй хугацаанд энэ оронтой амьдралаа холбосон байна.     
    No description available.                            

  -Нууц биш бол ямар ажил хийдэг вэ?                    

-Одоогоор хувийн нэгэн компанид хүний нөөцийн албанд ажилладаг. Үүнийхээ хажуугаар Токиогийн гадаад хэлний их сургуульд монгол хэл заадаг. Монгол хэл заах ажилдаа зүрх сэтгэлээ илүү их зориулдаг.                             

-Та хаана их сургууль төгсөж, ямар мэргэжил эзэмшив?                                            

    -Монголд Улаанбаатарын их сургуулийн монгол хэл, утга зохиол судлал, япон хэлний орчуулагчийн анги төгссөн. Дараа нь Японд Шовогийн их сургуульд уран зохиол, япон хэл судлалын тинхимд магистр хамгаалсан. Үргэлжлүүлээд докторантурт сурч байсан ч амьдралын шаардлагаар дундаас нь орхисон доо.

 -Монголчууд ямар ч хэлийг эзэмшчихдэг, хэлний үнэхээр авьяастай улс гэдэгтэй санал нийлэх үү?                       

-Нийлнэ шүү. Хэлний авьяастай монголчууд ер нь юу ч байсан хурдан сурдаг. Шинэ орчинд дасан зохицохдоо хурдан хүмүүс. Яг адилхан нөхцөл байдалд монгол залуу болон зүүн өмнөд ази залуу хоёр амьдралаа эхлүүлэхэд монгол нь жилийн дараа л машинтай болчихсон, ажил олоод визээ сольчихсон байдаг. Аливаад хурдан дасан зохицохоос гадна их эрч хүчтэй. Энэ нь хэдийгээр давуу тал болдог ч нөгөө талаас нь харвал дутагдал ч бас болдог. Ямар ч асуудлыг дасан зохицох замаар даваад гарчихдаг. Суурин үндэстнүүд дасан зохицохдоо муу ч ямар нэг асуудал тулгарвал шийдвэрлэх гэж оролддог л доо. Ялангуяа Японд маш их анзаарагддаг.                        
      -Тэгвэл япончууд монгол хэл сурахдаа хэр вэ? Ямартай ч "л" үсгийг "р"-ээр хэлдэг...    

   -Үндэстний болон хэлний онцлог байдаг. Япон хэлэнд "л" үсэг байдаггүй л дээ. Тийм болохоор "л", "р" авиаг сонсоод ялгадаггүй, дуудахдаа ч муу байдаг. Бас "ө", "у" авиаг хэлэхэд тэдэнд хүнд байдаг. Гэхдээ тэд их нямбай, аливаад нухацтай ханддаг. Энэ нь хэл сурахад нь ч ажиглагддаг л даа. Маш жижигхэн зүйлийг ч анзаараад, "Яагаад ингэж байгаа юм бэ?" гээд асууна. Түүнээс гадна монгол, япон хэл өгүүлбэрийн бүтцээрээ их адилхан болохоор дүрэм сурахдаа хурдан. Монгол хүнд ч ялгаагүй япон хэлний дүрэм англи хэлнийхээс харьцангуй  амар л даа.                              

-Токиод монголчууд хэр олон байдаг вэ? Та тэдэнтэй холбоотой байдаг уу?                                   

-Тэгэлгүй яах вэ. Японд амьдардаг монголчууд жил ирэх тусам өнөр өтгөн болж байна. Шинээр оюутнууд ч их ирж байна. Энд ирээд удаж байгаа хэсэг маань гэр бүл болж, үр хүүхэд нь ч мэндэлж байна. Жил бүрийн хавар "Хаврын баяр" гэдэг баяр зохион байгуулдаг. Тэр үеэр энд байгаа бараг бүх монгол хүн цугладаг байх шүү.                                

 -Манайхны эртний танил Кимура Аяакотой хэр дотно вэ? Тэр юу хийж байна?                    

 -Би Кимура сантай тийм ч дотно биш ээ. Токиогийн их сургуульд багшилж байгаа гэж сонссон.                                

    -Нутгаа хэр санадаг вэ?     

 -Мэдээж саналгүй яах вэ. Улаанбаатарын жавартай өглөөний агаарыг, навчис хөглөрсөн намрын өглөөг, сурдаг байсан сургуулийнхаа хашааг, хүүхэд насандаа тэнэдэг байсан Сансар, 13-р хороолол орчмыг, "Өргөө" кинотеатрыг, төв номын сангийн ард байдаг асан хуушуурын гуанзыг, нийтийн дуу сонсоод хөдөө явдаг байсан автобусыг гээд л... санадаг даа.                 

     -Сүүлчийн асуулт. Хамгийн сүүлд Монголдоо хэзээ ирэв? 

 -Корона гарахын өмнөх зун очсон. Японд наймдугаар сард урт амралт болдог юм. Тэр амралтаа ашиглаад ихэвчлэн зун Монголдоо очдог. Тиймээс өвөл, хавар, намрын улирлыг илүү их санадаг шүү.                    

 -Ярилцлага өгсөнд баярлалаа.                            

  Ярилцсан Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ