2021 онд БНТУ-аас 71 сая ам.долларын өртөг бүхий бараа, бүтээгдэхүүн импортолжээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Турк-Монголын бизнес форум”-ыг БНТУ-ын Истанбул хотноо зохион байгууллаа.

Форумд Монгол Улсаас барилга, уул уурхай, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч 15 компанийн 30 гаруй төлөөлөгч, БНТУ-аас мөн салбаруудын компанийн 40 гаруй төлөөлөгч оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын зүгээс цаашид Монгол-Туркийн худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, Туркийн Танхим, Биржүүдийн Холбоо болон БНТУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлээд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, форумын үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтарсан форумыг жил бүр уламжлал болгон, хоёр улсад ээлжлэн тогтмол зохион байгуулах саналыг гаргалаа.

2021 оны байдлаар Монгол Улсаас БНТУ руу самар, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, нефтийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг 2.8 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн гаргасан нь манай улсын нийт экспортын 0.04 хувийг эзэлж байгаа бол БНТУ-аас 71.2 сая ам.долларын өртөг бүхий барилгын материал, эрүүл мэнд, гоо сайхан, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тавилга, хувцас хэрэглэлийг импортолсон нь манай улсын нийт импортын 1.04 хувийг эзэлж байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд БНТУ-аас Монгол Улсад мянга гаруй жуулчин, Монгол Улсаас БНТУ-д 10 гаруй мянган жуулчин аялж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ