Шилжилт хөдөлгөөний есөн төрлийн үйлчилгээг И-Монголиагаас авдаг боллоо

Иргэд өмнө нь дүүргээс дүүрэгт, аймгаас нийслэл рүү гэх мэт шилжилт хөдөлгөөн хийхэд заавал төрийн байгууллагад очдог байсан бол одооноос И-Монголиа системд нэвтрэн эдгээр үйлчилгээг авах боломжтой болжээ. 

Цахим хөгжил харилцаа холбооны яамны Иргэд олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Чингүн: 

“И-Монголиад одоогоор төрийн 62 байгууллагын нийт 690 үйлчилгээ нэвтэрсэн. Иргэд гар утсандаа аппликэйшн татаад л хэрэгтэй үйлчилгээгээ богино хугацаанд авах боломжтой болсон. Энэ сарын 24 гэхэд аймгуудыг цахимжуулах “Цахим аймаг” төсөл хэрэгжиж дуусна. Ингэснээр 21 аймаг, Монгол орон даяар И-Монголиа системийг ашигладаг болох юм” гэв.

Мөн өнгөрсөн сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Цахим гарын үсгийн тухай хууль”-иар иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Тоон гарын үсэг нь цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй нэг төрлийн гэрчилгээ юм. Нийслэлийн иргэд Төв шуудангийн нэг давхраас, орон нутгийн иргэд аймгийнхаа улсын бүртгэлийн хэлтсээс тоон гарын үсгээ авах боломжтой.

Түүнчлэн энэ сарын 20-ноос Багахангай, Багануур дүүрэгт тоон гарын үсэг олгох ажил явагдах аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ