Австрали улсад ажиллах болон амрах виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдийн анхааралд

Австрали улсад ажиллах болон амрах виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа иргэд виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. Захидлыг авахын тулд дараах материалыг хангаж, “pdf” өргөтгөлтэй файлаар "dep10-13@mfa.gov.mn" цахим шуудангийн хаяг руу илгээнэ. Хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх юм.

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/work-holiday-462/first-work-holiday-462 холбоосоор орж авах боломжтой. 

Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ