30 сая долларын хөнгөлөлттэй зээл авч аялал жуулчлалын салбарт зарцуулахыг дэмжсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийсэн мю. Тэрээр "Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн 2 дугаар үе шатыг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн 2 дугаар үе шатны хүрээнд баруун бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банктай байгуулах Зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул УИХ-аар заавал соёрхон батлуулах шаардлагатай" гэсэн юм. 

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Х.Ганхуяг, Д.Батлут, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх зээл заавал авах шаардлагатай эсэх, мөн зээлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт үр дүнгээ өгөх ямар тооцоо, төлөвлөлт хийсэн талаар тодруулав. 

 Гишүүдийн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Зээлийн хөрөнгөөр Увс, Ховд аймагт хоёр аялал жуулчлалын цогцолбор, жуулчны гудамж байгуулах, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын гол цэгүүдэд ариун цэврийг сайжруулах, аялал жуулчлалын жижиг байгууламжуудыг барьж байгуулна" гэж хариуллаа. Төсөл санаачлагчийн хариулттай холбогдуулан гишүүд нэмж тодруулахдаа эдгээр бүтээн байгуулалтыг зээл авч, хийх шаардлагагүй, энд тэнд байшин барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, гадаад өрийг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагаар авах зээл биш зэрэг санал хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Байнгын хороо шаардлагагүй зээл гэж үзэж буй учир 03 дугаар сараас хойш хэлэлцэхгүй хойшлуулсан. Гэвч Сангийн яам урьдчилаад тохирчихсон, тохирсноосоо буцахгүй гэдэг тайлбар өгдөг талаар гишүүдэд мэдээлэл өглөө.

Гишүүдийн гаргаж буй саналтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн зориулалтыг өөрчлөх тал дээр ажлаа аваад Азийн хөгжлийн банктай уулзсан. Зээлийг нэгэнт батлагдсан дагуу буюу тохирсноороо хэрэгжүүлнэ. Үгүй бол буцааж татагдах асуудал үүсэх талаар тайлбарлав. Энэ үеэр мөн Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хэлэлцээрийн төслийн процессийн талаарх тайлбар, мэдээллийг гишүүдэд өглөө. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэхүү зээлийн хэлэлцээрийг дэмжсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ