Дархан аварга Хорлоогийн Баянмөнх зодог тайллаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон  ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор домогт бөх Хорлоогийн Баянмөнхийн цолыг дуудаж, хүндэтгэл үзүүллээ. Домогт аварга Х.Баянмөнх цолоо дуудуулж, наадмын зүлэг ногоон дэвжээндээ дэвэн шавж, наадамчин олонтойгоо мэндчилээд, төрийн есөн хөлт цагаан тугандаа мөргөн адис авсны дараа олон жилийн наадмаар өмсөж, хөлс хүч шингэсэн үндэсний бөхийн өмсгөлөө тайлж, зээ хүүдээ шилжүүлэн өглөө. Хүү нь өвөөгийнхөө баруун өвдгөн мөргөн адис авч, хүндэтгэл үзүүллээ. 


Үндэсний их баяр наадамдаа 60 жил зодоглож, 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчит аваргын үр хүүхэд ач, зээ нар түүнд хүндэтгэл үзүүллээ. Мөн шавь нар болох үндэсний бөхийн Дархан аварга А.Сүхбат, Даян аварга Н.Батсуурь, Аварга Мөнхбат, Аварга П.Бүрэнтөгс нар багшдаа хүндэтгэл үзүүлж, алд шар хадаг өргөн барив.  

Үргэлжлүүлэн Х.Баянмөнх аваргатай нэгэн цаг үед барилдаж байсан улсын арслан Ж.Хайдав, Хөдөлмөрийн баатар, Улсын аварга О.Балжинням, Улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Батбаяр, Улсын начин Эрхэмбаяр, Улсын начин Цэвээн, Улсын начин Цоггэрэл нарын бөхчүүд болон Монголын үндэсний бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ. Дархан Аварга Х.Баянмөнхөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төр нийгмийн зүтгэлтнүүд суудлаасаа босож, хүндэтгэл үзүүлллээ.  

Монгол түмний Их аварга Х.Баянмөнх зодог тайллаа

Х.БАЯНМӨНХ: ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭНДЭЭ ЗОДОГ ШУУДАГТАЙГАА ХҮЧЭЭ ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ БОЛСОНД ХӨНГӨН МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙНА

Аварга хүний ёсоор Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ сүүлчийн удаа цолоо дуудуулж, дэвэн шавсаар, төр түмэн олныхоо өмнө ёслол төгөлдөр зодог тайлсан Дархан аварга Х.Баянмөнхийн сэтгэгдлийн сонслоо.

Тэрбээр, Энэ бол их аз хийморьтой үйл явдал. Төр ард түмний их баяр наадам 100 жил болж, би 80 нас хүрсэн энэ цагт засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгч ёслон тэмдэглэж байгаад би их баяртай байна. Зүлэг ногоон дэвжээндээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй болсонд нэг тийм хөнгөн мэдрэмж төрж байна.

Гэхдээ би өөртөө санамж үг хэлж байгаа. Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр 68 жил хүчээ үзлээ. Ханатлаа үзлээ. Дэлхийд барилдлаа, монгол бөхийнхөө нэр хүндийг дэлхийд гаргалаа. Шинжлэх ухаан зүтгэлээ. Шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ, болоо юм биш үү чи гэж өөртөө хэлэхэд зодог тайлж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. 

Миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн дэлгэр зуны наадмаа чанартай, цэвэр ариун ёс суртахуунтай хийж, Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ өв соёлыг чамбай чансаатайхан авч явах байх гэж итгэж байна.

Олон түмэндээ эрүүл энх, сэтгэл санаа амгалан яваарай гэж хүсье. Ард түмэндээ өнөд мөнх жаргал цэнгэлтэй яваарай гэж ерөөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ