Долоодугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-3.2 градусаар дулаан байлаа

Цаг уур орчны шинжилгээний газраас долоодугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцөлийн тоймыг гаргажээ. Эхний 10 хоногийн хугацаанд агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулсаар 11.1-15.0 градус, тал хээр, говийн нутгийн зарим хэсгээр 20.1-25.0 градус, Алтайн Өвөр, Галба, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолойгоор 25.1-28.6 градус, бусад нутагт 15.1-20.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-3.2 градусаар дулаан байлаа.
Долоодугаар сарын эхний 10 хоногт ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-3.2 градусаар дулаан байлаа Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-29 градус, Бурхантын хөндий, Тамсагийн хоолой болон говийн нутгийн өмнөд хэсгээр 36-39 градус, шөнөдөө уулархаг нутгаар 0-5 градус, Монголын Дорнод тал, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 11-16 градус, бусад нутагт 6-10 градус дулаан байв. Хөрсний гадаргын температур өдөртөө Алтайн өндөрлөг уулс, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Дархадын хотгор орчимоор 40-49 градус, тал хээр, говийн нутгаар 60-67 градус, бусад нутагт 50-59 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 3 градус хүйтэнээс 5 градус дулаан, говийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-10 градус дулаан байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ