Хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллажээ. Нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдсан байна. Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хад руу ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600 тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж байна. 

 Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11-нд Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрчээ. 

Долоодугаар сарын 12-нд Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ. 

Харин долоодугаар сарын 13-нд Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн нийт 928  машинаар 113,725.25 тонн нүүрс экспортолжээ. Энэ мэтчилэн хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ