Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг, Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болно. Мөн импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгосон.
90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.
Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа гэв. Энэ онд нийт 91 өрхийг нүүлгэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулжээ.
Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөж буй хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ