"Мисс Монголиа-2022" тэмцээний тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ:Найз залуутай эсэхээ энэ удаад нууцалчихъя

      Өнгөрсөн зургадугаар сарын эхээр болсон "Мисс Монголиа-2022" тэмцээний тэргүүн мисс буюу ялагчаар Б.Номин-Эрдэнэ хэмээх бүсгүй тодорсон билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулъя. Дашрамд дурдахад 18 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээн анх 2004 онд болоход Ч.Содтуяа түрүүлсэн юм.                       
 -Юуны өмнө "Мисс Монголиа-2022" тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе...                           

-Баярлалаа. Энэхүү тэмцээнд оролцож, 2022 оны Монголын тэргүүн миссийн титмийн эзэн болсондоо туйлын их баяртай байгаа. Миний баярыг хуваалцаж, ярилцлагад урьсан танд болон танай хамт олонд баярлалаа. Энэ ярилцлагаар дамжуулан "Мисс Монголиа" холбоо болон тэмцээнд оролцсон охид бүсгүйчүүддээ мэнд дамжуулъя. Та нарыгаа санаж байна шүү.               

 -Та өөрийгөө танилцуулаач...                      

  -Намайг Номин-Эрдэнэ гэдэг. Бизнесийн удирдлага буюу Business Adminstration мэргэжлээр Франц улсад их сургууль төгссөн. Одоо Монголдоо мэргэжлээрээ ажиллаж байна.                     

 -Яагаад "Мисс Монголиа-2022"-т оролцов?                                    

 -Ер нь "Мисс Монголиа"-д оролцоно гэж боддог байсан шүү. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин болох цар тахлаас шалтгаалаад орж чадахгүй байсан юм. Харин энэ жил эгч маань "Номио, чи "Мисс Монголиа"-д ор оо. Чиний түрүүлэхийг эгч нь мэдэж байна. Чи орохгүй бол хэн орох юм бэ?!" гэж зоригжуулсаар байгаад намайг оруулсан. Ер нь аливаад зоригжуулах хүн хажууд байвал маш их эрч хүч авдаг юм байна билээ.                           

-Тэмцээн хэдэн шалгууртай байв? Бас хамгийн хэцүү шалгуур нь...                                           

  -Нийт зургаан шалгууртай. Би тэргүүн мисс болсноос гадна "Оюунлаг мисс" шалгаруулалтад тэргүүлсэн. Тэгэхдээ "Оюунлаг ирээдүй", "Монголын бахархал" сэдвээр англи хэлээр илтгэл тавьсан л даа. Би англи, франц хэлтэй.                Үнэндээ миний хувьд нэг их хэцүү шалгуур байгаагүй шүү. Гэхдээ бэлтгэл жаахан муу байсан учраас "спорт мисс" шалгаруулалт үл ялиг хэцүү санагдаж байлаа. Би аливаа зүйлийг аль болох эерэг, амархан талаас нь хүлээж авахыг хичээдэг болохоор ямар ч зүйл надад учиргүй хүнд хэцүү санагддаггүй. Хүнд хэцүү байлаа ч сөрж, давж гарах хэрэгтэй гэж боддог доо.                   

 -"Мисс Монголиа-2022" таны хэд дэх тэмцээн бэ?                                                        

 -Миссийн тэмцээний хувьд анхных. Өмнө нь өөр төрлийн уралдаан тэмцээнд маш их оролцдог байлаа. Би чинь багын л нийгмийн идэвх маш их, хамт олноо манлайлсан, сэргэлэн цовоо хүүхэд байсан юм. Олон ч олимпиад, олон ч тэмцээн уралдаанд оролцсон юм даг.                  

-Энэ тэмцээнд хэдэн бүсгүй оролцсон бэ? Таны гол өрсөлдөгч гэвэл...                                      

-Оролцогч охидтойгоо өрсөлдөгч гэхээсээ илүүтэй маш сайн найзууд болсон. Бид  тулгамдсан асуудал, ер нь бүх л зүйлээ ярилцдаг найзууд болцгоосон шүү. Миний хувьд оролцогч охидтойгоо өрсөлдөгч мэтээр хэзээ ч харьцаж, тийм хандлага гаргаж байгаагүй. Энэ нь бас миний том давуу тал байсан гэж болно. Хэрэв өрсөлдөгч гэж бодоод, хандаад ирвэл бодол дагаж үйлдэл ирдэг болохоор наад зах нь онцгүй зан авир гэх мэт зүйл гарна. Би хэнийг ч өрсөлдөгч гэж бодож байгаагүй ээ.             

-Тэмцээнд оролцоход тодорхой хэмжээний зардал мөнгө гарсан нь мэдээж...                           

 -Нэлээд их зардал гарах нь тодорхой. Яг эд тэд гэж тодорхой хэлмээргүй байна. Өдөр тутмын нүүр будалт, хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл гээд л. Бүгд зардал гаргана.Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж очиход сар орчим болно. Бас тухайн оролцогч ганцаараа биш зурагчин, нүүр будагч, туслахтайгаа хамт явна. Энэ бүхэн зардалтай. Хэн илүү хөдөлмөрлөж, бэлтгэл сайтай очсон нь л амжилт гаргана шүү дээ.                                           

 -Тэргүүн миссийн шагналыг сонирхож болох уу?                                                               

 -Мөнгөн шагнал юм уу эд зүйл дагадаггүй. Мэдээж нэр хүнд, үүрэг хариуцлага тэргүүн миссийн титмийн хамт ирдэг. Би бүх насаараа Монголын тэргүүн мисс гэж дуудуулж явна шүү дээ. Мөн эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болдог.      

 -Та дэлхийн мисст оролцох байх аа?                        

 -Тийм ээ, 11-р сард Токиод зохион байгуулагдах 60 дахь удаагийн "Мисс Интернэшнл" тэмцээнд эх орноо төлөөлнө. Миний хувьд нэр төрийн хэрэг л дээ. Бас дэлхийн өнцөг булан бүрээс, улс орон болгоноос ирсэн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөнө гэхээр сэтгэл маш их догдолж байна.  Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд оролцоно гэдэг нэг талаар бахархам сайхан ч нөгөө талаар маш их үүрэг хариуцлага юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр маш сайн бэлдэх хэрэгтэй. Миний нэг том давуу тал бол ямар ч зүйл рүү орсон л бол эцсээ хүртэл зүтгэдэг дайчин зан чанартай. Тиймээс өөртөө их итгэлтэй байна. 

-Ингэхэд мисс болсноос хойш амьдралд тань ямар өөрчлөлт гарав?                     

 -"Miss Mongolia-2022"-т түрүүлснээс хойш хүмүүс намайг илүү их таньдаг болсон шүү. Гадуур явж байхад хүмүүс намайг таньдаг болсон нь ажиглагддаг бас мэдрэгддэг, мэдэгддэг. Олон нийтийн газар таарсан охид ирж уулзаад хамт зураг авахуулдаг болсон (инээв). Тиймээс би биеэ зөв авч явахаас эхлээд алхам бүртээ цензуртэй байх тал дээр маш их анхаарч байгаа. Өөрөөсөө дүү болон өсвөр насны охидод зөв үлгэр дуурайл болох тал дээр илүү анхаарна.            

 -Тэгвэл мисс болсноос чинь хойш эрчүүл хэр эргүүлж байна вэ?                    

-Мисс болсныхоо дараахнаас сошиал пэйжээ идэвхтэй ажиллуулж эхэлсэн. Урьд нь би сошиал хэрэглээ маш багатай байсан л даа. Ер нь пэйж хуудсаар дамжуулан хүмүүс маш их ханддаг юм билээ. Миний пэйж хуудсаар ч ялгаагүй. Тэрийг одоо эргүүлсэн гэх юм уу юу гэх вэ? (дахин инээлээ)                       

 -Та "Miss Mongolia-2022"-ын авьяасын шалгуурт belly dance бүжсэн.Өмнө нь хичээллэж байв уу?                 

-Үгүй, огт хичээллэж байгаагүй. Авьяас үзүүлбэр дээр ч belly dance бүжье гэж огт бодоогүй ээ. Бүжгийн багш маань л "Чи их гоё тальтай юм байна. Энэ бүжиг л эмэгтэйлэг байдлыг чинь маш гоёор тодотгож өгнө дөө" гэж зөвлөсөн юм. Багшийнхаа зөвлөгөөг дагахаар шийдээд, belly dance бүжгийг долоохон хоногт сурсан даа (инээгээд). Одоо эргээд бодоход яг л зөв бүжгээ олж бүжсэн байна билээ.     
No description available.     

 -Кино юм уу клипэнд тоглох урилга ирж байна уу?                                          

 -Клипэнд тоглох урилга зөндөө ирж байгаа. Харин кинонд тоглох урилга одоогоор ирээгүй л байна. Миний хамгийн том мөрөөдөл бол түүхэн кинонд гүнжийн дүр бүтээх. Энэ сайхан мөрөөдөл маань хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэлтэй байна.                    

  -Таны биеийн харьцаа...        

 -172 см өндөр, биеийн харьцаа 96-62-100.              

 -Ингэхэд та ямар зан чанартай бүсгүй вэ?                     

-Би их зөөлөн хүн л дээ. Ойр тойрныхон маань "Чи хэт зөөлдөөд байна шүү. Жаахан хатуурх, хатуу чанга ааш зан гарга" л гэдэг юм (инээв). Зөөлөн, өрөвч зан чанар маань надад маш их сайн сайхан зүйл авчирсан гэж боддог. Мэдээж хүн л юм хойно бусдад уурлах, гомдох үе гарна. Тэр болгонд хүлээцтэй, тэвчээртэй байхыг хичээдэг. Тэвчээр бүхнийг ялна шүү дээ.                                   

-Бусдаас давуу болон сул тал чинь гэвэл...             

-Давуу тал маань гэвэл би маш дайчин зан чанартай, эхэлсэн зүйлээ яг таг хийж байж төгс, бүрмөсөн дуусгаж чаддагаас гадна их тэвчээртэй гэж өөрийгөө боддог.          Сул талын хувьд хэлээд яах вэ дээ. Өөрөө сул талаа мэдээд, тэрийгээ анхаарч байхад болно гэж боддог. Тэгээд ч хүн бүхэн л сул талтай шүү дээ.                                   ---

-Хойшид өөрийгөө сорихоор төлөвлөсөн зүйл бий юу?                                                                             

-Залуу хүний хувьд төлөвлөсөн зүйлүүд мэдээж маш их бий. Бизнесийн салбарт л өөрийгөө сорино доо. Бодсон, санасандаа хүрэх хамгийн сайхан шүү дээ. Төлөвлөгөөнүүд маань ч сайхан бүтэх биз ээ.        

 -Та хэр нийтэч вэ?                                 

-Тийм ч их нийтэч биш ээ, дуу цөөтэй талдаа. Ер нь дундаж л байх. Харин нэг итгэсэн юм уу найз нөхөд болсон хүнтэйгээ бол их нийтэч шүү (инээлээ). 

-Ном хэр уншдаг вэ? Хамгийн сүүлд уншсан ном чинь...                              

-Намайг жаахан байхад манайх маш сайхан номын сантай байсан. Хүүхдийн төрөл бүрийн зохиолууд бас танин мэдэхүйн, дэлхийн шилдэг сонгодог зохиолууд гэрт байдаг байлаа. Намайг ээж маань номтой маш сайн нөхөрлүүлж чадсан гэж боддог. Ээж бид хоёр хамт  байнга л номын дэлгүүр орж, ном сонгож авдаг байлаа. Нэг гоё ном авчихаараа хэд хоног өрөөндөө ороод, гадаа гарч ч тоглохгүй, номоо уншаад тэрэндээ гүн гүнзгий орчихдог байсан юм. Тэр зуршил маань одоо ч хэвээрээ. Ажил төрөл гээд зав чөлөө бага ч гэсэн эхлүүлсэн номоо өдөрт хоёр хуудас уншаад дуусгачихна шүү. Ном их уншдаг хүн ямар ч алдаагүй бичдэг болдог, бас маш их зүйлийг эргэцүүлж боддог болчихдог. Хамгийн сүүлд Туркийн алдарт зохиолч Сабахаттан Алигийн "Арьсан хүрэмтэй Мадонна" зохиолыг уншсан юм байна. Уншиж дуусаад их зүйл бодсон шүү. Эмэгтэй хүн болгон унших ёстой зохиол шиг санагдсан.     Одоо Нобелийн шагналт, Колумбийн алдарт зохиолч Габриэль Маркесын "Зуун жилийн ганцаардал" романыг эхлүүлчихсэн. Ер нь ном их уншдаг хүн ямар нэг ном уншиж дуусаад хэсэгтээ нэг тийм ганцаардсан мэдрэмжтэй болоод л, тэр номынхоо талаар бодоод л байдаг. Ном гэдэг тийм л сайхан зүйл шүү дээ.         
No description available.              

 -Та Францад сурахынхаа хажуугаар ажилладаг байсан уу?              

-Мэдээж оюутан юм чинь сурахынхаа хажуугаар ажиллалгүй яах вэ дээ. Их л олон газар ажилласан. Парис хотын Louis Vuitton, Giorgio Armani, Boss зэрэг томоохон брэндийн дэлгүүрээс авахуулаад л ажиллаж байлаа.                                  
 -Франц орноор хэр аялав? Хамгийн таалагдсан газар, хот гэвэл...                                  

 -Франц улсын бүхий л хотоор аялж үзсэн шүү. Тийм учраас надад бүх хот нь илүү их ойр дотно санагддаг л даа.  

-Энэ улстай салшгүй холбоотой дурсамжаасаа хуваалцаач...                           

 -Оюутан насны минь бүх сайхан дурсамж Франц улстай холбоотой. Би их баяртай байдаг аа, Франц үнэхээр сайхан орон.                                              

-Залуухан, үзэсгэлэнтэй, мисс бүсгүйгээс хайр дурлалын талаар асуухгүй өнгөрч болохгүй биз. Хайр гэж юу вэ?                                                     
 -Би амьдрал хайр дээр тогтдог гэж боддог. Хүний сэтгэл зүрх хамгийн хүчтэй шүү дээ, юуг ч даваад гардаг. Хэн нэгнийг хайрлаж, хэн нэгэнд хайрлуулж явах ёстой хосын хорвоо шүү дээ. Хайр гэж гомдоод алга болчихдог зүйл биш байх аа. Үнэхээр үнэн хайр бол хол ойр, хамт байсан байхгүй ч үргэлж л хайртай байна байх. Миний бодол энэ. Бас би хайр дурлалын арвин туршлагатай хүн биш ээ (инээв).                                 

-Анхны захиа, анхны хайрынхаа тухай ярьж болох уу?                                          

 -Та их содон, сонирхолтой, дурсамж сэргээсэн асуулт асуух юм. Анхны захиа гэснээс би арван жилдээ хөвгүүдээс захиа их авдаг байлаа. "Алаг нүдэн Номиодоо" гэж ирээд л бичсэн захиануудыг их уншина. Хүүхэд байсан болохоор захиа аваад ичнэ ээ, бас. Ер нь би их олон захиа авсан хүмүүсийн тоонд зүй ёсоор орох байх аа (инээгээд). Хүүхэд насны сайхан дурсамж юм даа. 

-Заримдаа найзуудтайгаа гарч шоуддаг л байлгүй...             

-Тэгэлгүй яах вэ. Хааяа найз нөхдөөрөө нийлж гарах үе бий, бий.                      

-Хоолны дэглэм барьдаг л биз дээ?                         

-Хоолны дэглэм барих тал дээр муу шүү. Мисс хүн болохоор пропорцоо барих ёстой. Ер нь л их тэмцэж байна даа (инээлээ).                                         

 -Та хэр шүтлэгтэй вэ?              

 -Нэлээн шүтлэгтэй. Буддын шашны ёс зүй, хүн байх талаар тайлбарласан сургаалууд нь таалагддаг.                              
-Танай удамд лам бий юу?                                                

 -Байхгүй ээ. Гэхдээ би өвөө, эмээ дээрээ өссөн болохоор нэлээн шүтлэгтэй. Бурхандаа мөргөөд, арцаа уугиулаад, ажил төрөл хөөцөлдөөд гарах бас сэтгэлд сайхан шүү дээ. Ер нь шашин шүтлэг гэдэг бол тухайн хүний сэтгэл зүрхэн дотор л байдаг зүйл.                                          

 -Тэгвэл ар талыг тань даадаг эрдэм чадалтай лам багш бий л байх...         

  -Байгаа, байгаа. Би багш дээрээ ойр ойрхон очдог юм. Амьдралын нарийн ширийн явдал, сургаал, хүн байх талаар багш маань их ярьж, надад зааж зөвлөдөг.                       

 -Нууц биш бол "Miss Mongolia" тэмцээний өмнө багшдаа очиж даатгуулсан уу?                            

 -Тэмцээнд орохоосоо хэд хоногийн өмнө утсаар ярихдаа "Би тэмцээнд орох гэж байна шүү" гэж хэлэхэд багш маань "Аан за" гээд утсаа тасалчихсан. Тэгээд удалгүй над руу залгаснаа "Багш нь мэдэж байна аа. Чи 2022 оны тэргүүн мисс болно" гэж хэлсэн юм. Багшийн минь хэлсэн энэ үг тэр үед надад ямар их эрч хүч өгсөн гээч. Маш их эрч хүч авсан надад шууд л нэг тийм итгэл төрөөд эхэлсэн шүү.                          

 -Зөн билгийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Ер нь хэр зөн билэгтэй вэ?                                      

 -Зөн билэг тэр тусмаа эмэгтэй хүний зөн билэг их үнэн байдаг юм шиг санагддаг.               

 -"Miss Mongolia"-д түрүүлэхээ ямар нэг байдлаар мэдэрсэн үү?                           

-Тэмцээний финал болохоос хоёр хоногийн өмнө титэм зүүгээд, маш их баяртай байна гэж өөрийгөө зүүдэлсэн юм. Бүр тодоор зүүдэлсэн шүү. Зүүд маань яг л биелсэн дээ. Зүүд их сонин. Ер нь миний зүүд маш их зөнтэй. Бараг бүх зүүд маань биеллээ олдог юм.                                             

 -Гоо сайхны мэс засал сүүлийн үед Монголд нэлээн эрчимтэй хөгжиж байна гэдэгтэй санал нийлэх үү?                                         
-Санал нийлэлгүй яах вэ. Дэлхий дахинд хамгийн их хөгжиж, хамгийн өргөжиж байгаа мэс заслуудын нэг бол яах аргагүй гоо сайхны мэс засал. Тэр ч утгаараа Монголд гоо сайхны мэс заслын шилдэг залуу эмч нар түрэн гарч ирж буйд баяртай байдаг.                                   

 -Ийм төрлийн мэс заслын талаарх таны бодол...                                    

 -Гоо сайхны мэс засал хийлгэж буй, хийлгэх гэж байгаа хүмүүсийг буруутгах, шүүмжлэх бодол, хүсэл надад байдаггүй. Тиймээс би тэрхүү шийдэл нь тухайн хүнд баяр баясал, өөртөө итгэх итгэл авчирч л байвал болох нь тэр гэж боддог. Ер нь тэгээд ч өөрийн бодол өөртөө зөв гэдэг зүйр үг бий.          

-Мэс заслаар өөрчлөх сөн гэж боддог биеийн хэсэг, эрхтэн өөрт чинь бий юу?                                                              
  -Гоо сайхны ямар нэг мэс засал хийлгэх юм уу биеийнхээ аль нэг хэсэг, эрхтэнг өөрчлөх бодол үгүй, хүсэл ч алга. Яагаад гэвэл бүх бие, эрхтэн маань надад таалагддаг. Дээр нь би өөрийгөө маш хөөрхөн гэж боддог шүү.                        Гоо сайхны ямар ч мэс засал хэзээ ч хийлгэж байгаагүйгээ энэ дашрамд албан ёсоор мэдэгдье. Харамсалтай нь мисс болсны маань дараахан миний талаар давхраа, шүд хийлгэсэн, ер нь бүх юм нь хиймэл хүүхэн түрүүллээ гэх мэтээр маш их бичиж, ярьсан. Тэрэнд би үнэхээр их эмзэглэсэн.  Удамд маань их сайхан шүдтэй, нүд, хөмсөг сайтай, сайхан бүсгүйчүүд олон бий. Тэд нарыгаа дуурайсан сайхан царай төрхтэй төрсөндөө их баярладаг. Мөн надад гоо сайхны ямар ч мэс засалд орох, юугаа ч өөрчлөх бодол байхгүй ээ, нас маань залуу байна, өөрийнхөө царай төрхнөөс юуг ч өөрчлөх бодол байхгүй. Энэ төрхөө би төгс гэж боддог.                                      

-Таныг хөхөө мэс заслын аргаар томруулсан гэж нэг хэсэг шуугьсан даа. Энэ талаарх хариултыг чинь сонирхъё...                        
 
-Харин тийм ээ. Хөхнөөс маань авахуулаад л нүд, шүд гээд бүх эд эрхтэнг минь хиймэл гэж бичээд, яриад эхэлсэн. Хөхний хувьд бол байгаа нь л энэ шүү дээ, төрөлхийнх.     
No description available.              

 -Тэгвэл хөхийг тань эрчүүд гайхан шагширч, хүүхнүүд битүүхэндээ атаархдаг гэдэгтэй санал нийлэх үү?                                                             
 -(инээв) Заримдаа саунд орохоор охид бүсгүйчүүд ирээд "Хөх чинь ориг уу? Өөрийнхөөрөө юу? Ямар гоё хөхтэй юм бэ?!" гэж байдаг л юм. Эрчүүдийн тухайд бол мэдэхгүй ээ(дахин инээлээ).                                     

 -Таныг эрчүүд их эргүүлдэг үү?                           

 -(инээснээ) Яах вэ, өдөр хамт хооллох гэдэг юм уу эсвэл танилцаж болох уу гэсэн саналууд нэлээн их ирнэ ээ. Гэхдээ би тийм саналыг тэр болгон хүлээж аваад, цуг хооллоод байдаггүй. Би ерөөсөө хариу өгдөггүй л дээ.            

-Ингэхэд танд ямар эр хүн таалагддаг вэ?                  

 -Би ер нь ямар ч хүнийг яг хүн чигээр нь, хувь хүн талаас нь л хүлээж авдаг юм. Надад зөөлөн ааш зантай, буурь суурьтай, халамжтай эр хүн таалагддаг. Бас дээр нь цэргийн алба хаасан.   Хүний төрөлх зан ааш гэж маш чухал зүйл байдаг. Сайн хүнтэй л учирвал сайхан шүү дээ. Ер нь сайн хань сонгох, сайн ханьтай учрах гэдэг бол эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал зүйл юм даа.                 

  -Тэдэнтэй танилцахдаа юуг нь сонждог вэ?                  

-Хүмүүстэй хэрхэн яаж харьцаж байгааг нь маш их ажигладаг. Зөвхөн надтай сайхан харьцчихаад үйлчилгээний газрын ажилтан юм уу тийм хүнтэй онцгүй харьцвал хэзээ нэгэн өдөр надтай бас тэгж л харьцана гэсэн үг шүү дээ. Би эрчүүдийн харьцаа хандлага, буурь суурьтай эсэхийг маш сайн ажигладаг.                 

 -Танд нууц ноёнтон гэнэтийн бэлэг илгээж байв уу?                                                                  

-Хэн нь мэдэгдэхгүй, нэрээ нууцалсан бэлэг, цэцэг үе үе ирдэг л юм.    

 -Монгол улсын тэргүүн мисс маань найз залуутай юу?                                 

-(Нэлээн хөгжилтэй инээгээд) Найз залуутай үгүйгээ энэ удаад нууцалчихъя. Болно биз дээ? Энэ талаар маш их асуудаг. Та бас асуулаа. Хэзээ нэг цагт хоёулаа дахин уулзаж, ярилцлага хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэр үедээ тодорхой ярья.          

-За ярилцсанд баярлалаа. Токиод 11-р сард болох "Мисс Интернэшнл" тэмцээнд амжилттай оролцохыг хүсье.                                          
Ш.Эрдэнэтөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ