С.Амарсайхан: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг хэлтсийн даргатай нь хамт чөлөөл

Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр зориулалтын бус орчинд орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь өнгөрсөн тавдугаар сард илэрсэн. Гэвч түүнээс хойш махны асуудалд хяналт тавьж буй мэргэжлийн хяналтын байгууллага одоо болтол ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргаагүй байна.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр энэ асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай, Хүнсний аюулгүй байдал хариуцсан хэлтсийн дарга Х.Нямбаатар нарыг ажлаас нь чөлөөлөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгов. Тэрээр "Б.Баасандорж дарга аа, ажилдаа эзэн болж, асуудлаа шийдэж чаддаггүй, дунд доод шатны хүнд сурталтан, чадваргүй, Засгийн газрын бодлого шийдвэрийг унагадаг, ард иргэдийг залхаадаг, асуудал шийдэж чаддаггүй нөхдийг чөлөөлнө. Энэ нөхрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай нь хамт чөлөөл. Би маш олон удаа хэлсэн. Өнөөдөр хүртэл та нар нэгнийхээ толгойг илж, хийж байгаа ажил нь цэгцрээгүй байна. Ингэж болохгүй. Ямар ч хариуцлага, санаачилга алга" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ