Л.Энх-Амгалан: Лиценз олголт болон замын хураамж авдаг бүх цэгийг цахимжуулна

Боловсролын, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан: Засгийн газар цахим үндэстэн бодлогын хүрээнд цахимжуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаа e-mongolia платформ 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээ, улсын хэмжээнд төрийн 685 үйлчилгээ цахимжсан байна. Энэ оны төгсгөлөөр 600 орчмоор нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн/2022.08.10/ Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод нээлттэй болгох асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим лиценз олгосон байна. Эдгээрийг олгохдоо хэн авч байгаа, авсан лицензээр олборлолт, хайгуул, ашиглалт хийж байгаа нь тодорхойгүй, лицензийн наймааны тогтолцоо байдаг. Зарим жилд 2000 орчим лиценз олгож байсан тохиолдлууд байгаа. Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн томоохон салбар. Энэ салбарын хамгийн гол асуудал болох лицензийн наймааг зогсоох гол шийдэл нь лиценз олголтыг хүнд сурталгүйгээр, ойлгомжтой, нээлттэйгээр цахимд суурилсан лицензийн тогтолцоог бий болгох ажлыг эхэлж байна гэж ойлгож болно. Уул, уурхайн яам, Цахим хөгжлийн яам хамтарч тусгай зөвшөөрлийг энэ онд багтаан e-mongolia платформд нэгтгэнэ. Цахимжуулснаар уул уурхайн салбарт байдаг далд наймаанд цэг тавина.
Мөн Зам тээвэр хөгжлийн яамтай хамтарч Монгол Улсад байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг эхлүүлэх шийдвэрүүд гарсан. Манай улсад олон улсын болон орон нутгийн шинж чанартай замын урт 15 мянган км орчим байдаг. Үүнээс хураамж авч байгаа 35 төлбөр хураах цэг байдаг. Эдгээр нь цахимжаагүй учраас орлого нь тодорхойгүй байдаг. Хоёрт, машинаар өнгөрөхөд иргэнээс төлбөр авах нь гараар явагддаг. Үүнийг цахимд шилжүүлснээр 35 төлбөр авах цэгт хүний оролцоогүй төлбөр хураамжаа авдаг болно. Цаашид 23 төлбөр авах цэг бүрэн цахимжих боломжтой. Жил бүр замын төлбөрт 30 орчим тэрбум төгрөгийг орлого төвлөрдөг. Үүнийг бүрэн цахимжуулж чадвал одоогийн орлого 30 хувь буюу есөн тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Цахимжуулахдаа иргэдэд хүртээмжтэй байдлаар QR код уншуулах эсвэл картаар төлбөр хийдэг зохион байгуулалт хийхээр төлөвлөж байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.
Хоёрт, наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 252 мянган иргэнд тоон гар үсэг олгоод байна. Цаашид тоон гарын үсэг бол цахим шилжилтийг гол хэрэгсэл болно. Үүгээр дамжиж бүх төр, хувийн хэвшлийн үйлчилгээг хаана байгаагаас үл шалтгаалан авна. Жишээлбэл, арилжааны банкнаас зээх авахаар бол зээлийн гэрээнд очиж гарын үсэг зурах бус тоон гарын үсгийг ашиглаж хийх бололцоотой болно. Цаашид нотариат хэрэггүй болох боломж бүрдэж байна.
Гуравт, өнөөдөр албан ёсоор цэцэрлэгийн цахим хүсэлтийг авч эхэлсэн. Энэ жил цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийж байгаа. Үндсэндээ сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Жил бүр 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байсан. Эдгээр хүүхдүүдийг сугалаа сугалуулахгүйгээр шинэ хичээлийн жилд багтаан бүрэн цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна. 34486 хүүхдээс есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө 26643 хүүхдийг хамруулах боломжтой болоод байна. Харин үлдсэн найман мянга орчим хүүхдийг арванхоёрдугаар сараас өмнө хамруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бүртгэлийг гурван үе шаттай хийж байгаа. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, хоёрдахь бүртгэлийг есдүгээр сарын 5-30, гуравдахь бүртгэлийг аравдугаар сарын 3-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Гурван үе шаттай хүсэлт авч байгаа нь хэн түрүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн үг биш. Энэ нь эрэмбэлж байгаа зүйл биш. Эрэмбэлэх юм бол дахиад л сугалаа болно. 26 мянган хүүхдийг хамруулахдаа цэцэрлэгийн зориулалтаар 92 барилгыг түрээсэлж 9252 хүүхдийг хамруулна. Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж, хоолны зардлыг нэмж 10272 хүүхдийг, төрийн өмчийн 39 цэцэрлэг дээр 4000 орчим хүүхдийг нэмж хамруулна. Мөн уламжлалт гэр цэцэрлэг буюу алслагдсан гэр хороололд 240 хүүхэд, хүүхэд харах үйлчилгээгээр 2000 хүүхдийг хамруулж байна гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ