Энэ жил 13 байршилд явган хүний замыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллажээ. Тэд дараах газруудад ажилласан байна.

  1. Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамжинд явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт
  2. Жамъяан гүний гудамжны явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт / ICC TOWER /
  3. Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх хэсэгт явган, дугуйн зам шинээр барих болон засвар, шинэчлэлт. 

Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байна. Эдгээр замууд нь хүн амын нягтаршил өндөртэй замууд ажээ. Дээрх байршлуудад явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэдэг байна. Тиймээс явган болон дугуйн замыг тохижуулан шинэчилж байна. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа аж. 

Хотын төвд хийгдэж буй тохижилт, шинэчлэлийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар зорьжээ. Дараа нь Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, гурав, дөрөвдүгээр хороолол орчмын явган замыг засварлах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ