"Худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй"

Нийслэлд жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг. Энэ жил нийслэлийн есөн дүүрэгт наймдугаар сарын 1-нээс эхлэн 31 байршилд төмс, хүнсний ногооны худалдааг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн 17 байршилд 186 цэг иргэдэд үйлчилж байна.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал "Орон нутгаас ирсэн ногоочдоос төлбөр болон нэмэлт түрээс авахгүйгээр худалдааг зохион байгуулж байна. Нэмэлтээр нөөц байршлуудыг төлөвлөсөн учраас хөдөө орон нутгаас орж ирж буй иргэн болон аж ахуйн нэгжүүд төмс,хүнсний ногоо худалдан борлуулах хүсэлтээ дүүргүүдийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүд болон худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд албан тоотоор бичгээр гаргаад борлуулахад нээлттэй. Энэ жил түрээсийн төлбөр болон нэмэлт хураамж авахгүйгээр зохион байгуулж буй онцлогтой бөгөөд цаашдаа ч ийнхүү зохион байгуулна. Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт 22 байршилд хичээлийн хэрэгслийн худалдааг зохион байгуулахаар бэлтгэж байна. Батлагдсан байршлуудад иргэн, аж ахуйн нэгжүүд асар, майхнаа өөрсдөө бэлтгэн авч ирээд үнэ, төлбөргүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ