Харбалгасын археологийн малтлагын ажил амжилттай болжээ

Цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст Харбалгасын ордны хэсэгт байрлах ‘Суварга’-ын малтлагыг энэ жил үргэлжлүүлэх боломж бүрджээ. Oйролцоогоор 13 метр өндөрт орших энэхүү өндөрлөг өнөөг хүртэл нууцлаг тодорхойгүй хэвээр байгаа аж.
Тэгвэл энэ талаар Германы археологийн хүрээлэнгийн Улаанбаатар хот дахь судалгааны төвөөс малтлага амжилттай болсон талаар нийтэлжээ.
Германы археологийн хүрээлэнгийн багийн зүгээс "2019 оны зун энэхүү бутарч унаж буй шороон толгодын бэлд малтлага хийх явцдаа бид зөвхөн шатаасан шавар тоосгоор хийсэн байх боломжтой томоохон овоолгыг олсон бөгөөд энэ нь олон зуун жил үргэлжилсэн томоохон байгууламжийн эвдрэлийг гэрчилж өгөв. Энэ жилийн малтлагынхаа бүр эхэнд, 3 долоо хоногийн дотор 8 метрийн өргөнтэй газрыг чөлөөлж, барилгын хананы бүрэн бүтэн үлдэгдэлтэй таарч, түүнийг олж илрүүлсэндээ манай багийнхан маш их баярласан. Ойролцоогоор 3 метрийн өндөртэйгөөр хадгалагдан үлдсэн хана нь налуу хэлбэртэй, нэг нэгээр нь ар араас нь цувуулж байрлуулсан гурван тоосгоор өрөгдсөн байсан ба гадна талаараа тэгш, шугаман хэлбэртэй байв. Хананы зарим нүхэнд анх хэрэглэж байсан модон дам нуруу, банзны үлдэгдэл бас хадгалагдан үлдсэн байв. Хананы урд хэсэгт тухайн газар байрлаж байсан барилгын бусад архитектурын үлдэгдлүүдийг харуулах бусад олдворууд гарч ирсэн. Мод, модны нүүрс, дээврийн ваарны үлдэгдлүүд нь модон байгууламж байсан болов уу гэсэн таамаглалыг бий болгосон. Гүн нүхнүүд байсан бөгөөд эдгээр нь тэнд хадгалагдан үлдсэн боржин чулууны хэлтэрхийнүүдээс харахад дээр нь байрлаж байсан баганын суурь гэж ойлгогдохоор байв. Хананы нурж унасан тоосгыг хэмжиж үзэхэд тэндээс олдсон ихэнх тоосгонууд нэг талдаа ямар нэгэн дардастай байгаа нь анзаарагдсан бөгөөд энэ нь нэг талаас тухайн тоосго үйлдвэрлэгчийн тамга, нөгөө талаас тухайн тоосго болон шавар, зуурмагийн наалдцыг сайжруулахад туслах тоосго хоорондыг холбогч байсан болов уу гэсэн таамаглалыг бий болгосон. Эдгээр дардасууд нь гарын хээ, самаар самнасан мэт зураас, олсны хээ, сарвууны хээ, цэцгийн хээ зэргээр дүрслэгдсэн байв. Буддын шашинд цамхаг хэлбэртэй барилгуудыг ихэвчлэн "Суварга" гэж нэрлэдэг. Харин өнөөг хүртэл энэхүү малтлагаас олдсон олдворуудын аль нь ч уг барилгын зориулалтын талаар эсвэл тухайн барилга шашны барилга байсан эсэх талаар мэдээлэл өгч чадахгүй байгаа ч энэ зуны археологийн малтлагын ажил маань өнөөдрийг болтол хамгийн өндөр архитектурын дурсгалыг цаашид судлахад туслах олон шинж тэмдэг, суваргыг цаашид судлах чухал сэжүүрүүдийг гаргаж өгсөн" гэжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ