ШИНЭ ЖУРАМ: Жолоочид эхлээд сануулна, торгоно, үүний дараа машиныг тань ачна

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзав. Тэд түгжрэлийг бууруулах чиглэлд хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.   

Авто машин ачилтын журамд дараах өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна. Ингээд журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог. Үлдсэн 45 хувь нь оношилгоонд ордоггүй, засвар үйлчилгээгээ цагт нь хийлгэдэггүйгээс осол гаргах нь их байдаг аж.   

Сүүлийн жилүүдэд жолооч нар торгуульд эмзэглэхээ больж, алдаагаа дахин давтахгүй байхад анхаарахаа больжээ. Иймд камеруудын хяналтаар дамжуулан машинуудыг торгуультай эсэхийг хянадаг болж, торгуультай машиныг нийслэлийн тодорхой бүсэд нэвтрүүлэхгүй, журмын хашаанаас машинаа авахын тулд жолооч торгуультай бол заавал төлдөг болно.

2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөгийг төлсөн байна. 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41% нь төлөөгүй.
 Нийслэлийн удирдлагууд сүүлийн хоёр жилд түгжрэлийн шалтгаан, хүчин зүйлсийг хангалттай хэмжээнд судалж, НИТХ шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ. Одоо эдгээрийг  нэгтгэн Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар танилцуулах юм байна.

  Түгжрэлийг бууруулахын тулд 36 цогц арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Эдгээрээс хамгийн том буюу урт хугацаанд үргэлжлэх, Томоохон санхүүжилттэй төслүүд нь тойрог хурдны зам тавих, LRT болон дүүжин тээврийн төслүүд юм. Тойрог хурдны замыг барихын тулд Туул голын эрэг дагуу далан байгуулна. Энэ ажлын урьдчилсан судалгаануудыг хийх ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Нийслэлийн авто зам дээгүүрх камерын 90 хувь нь ажилладаг. Эдгээрийг гурван жил тутам солих шаардлагатай ч 4-5 жилд сольдог байна. Нэгдүгээр эгнээнд 23 камер байсныг 44 болгожээ. Ингэснээр Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замыг бүрэн камержуулжээ.   

                                                  ДҮҮЖИН ТЭЭВЭР 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Францын Засгийн газартай дүүжин тээврийг явуулах хоёр чиглэлийг ярилцаж, хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа аж. 2020 оны наймдугаар сард гэрээ хийхдээ дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхойлж, хоёр дахь чиглэлийг нь нээлттэй орхижээ.

Нээлттэй чиглэлд 22.5 сая еврогийн төслийг нэвтрүүлж, 2024 онд барnна. Эхний чиглэл нь Баянхошуу, Ханын материал, Гэмтлийн эмнэлэг гэсэн маршруттай байжээ. Судалгаа, ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй нөхцөл үүссэн, гэр хорооллын дээгүүр явахаас гадна газар чөлөөлөх асуудал үүссэн байна

Торгуультай машиныг нийслэлийн тодорхой бүсэд нэвтрүүлэхгүй, журмын хашаанаас машинаа авахын тулд жолооч торгуультай бол заавал төлдөг болно.

Мөн судалгааны явцад энэ чиглэлд зорчилт бага байх тооцоо гарчээ. Иймд өөр чиглэл гаргасан нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан болон Дугуй цагаан чиглэлд, 6.9 км урттай, гурван буудалтай зам. Хоёрдугаарт, Сэлбэ голыг дагасан Долоон буудлаас төв рүү орох чиглэл. Эдгээрээс Францын тал буюу төсөл хэрэгжүүлэх компани  сонгоно.

Ирэх сард УИХ-ын намрын  чуулган эхлэхэд Авто тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөлд машин ачилт, зам ашигласны төлбөр, жолооны дамжаанууд (нийслэлд болон орон нутгийн жолооны дамжаанд өөр шаардлага тавьдаг болно), буруу талдаа жолооны хүрдтэй хориглох гэх мэт олон шинэ зохицуулалт тусгажээ. Хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан ч ковидын улмаас хойшилсон байна.       

2021 оны наймдугаар сар болон өнгөрсөн сард тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжүүлсэн. 2021 оны замын ачаалалтай харьцуулахад өнгөрсөн сард дугаарын хязгаарлалт илүү үр дүнд хүрчээ. Иргэдэд мэдээллийг сайтар түгээсэн, жолооч нарын мэдлэг хандлага сайжирсан тулд энэ жил жолооч нар дугаарын дагуу хөдөлгөөнд оролцсон байна.

Нийслэлд 400 мянга орчим машин хөдөлгөөнд оролцоход түгжрэл нэмэгдэн, дундаж хурд 7-9 км/цаг буюу явган хүн алхахтай адил хурдтай болдог байна. Цаашид нийслэлийн удирдлагууд машины бүртгэлийг Авто тээврийн үндэсний төвөөс шилжүүлэн авч, хэчнээн машин шинээр орж ирсэн, хэдэн машин хэрэглээнээс гарав гэдгийг нарийвчлан бүртгэдэг болох нь маш чухал гэж үздэг. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай хэлэлцээ хийж эхэлжээ. Машины тоог тодорхой болгосноор шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ гэв.

Мөн авто машины дугаар  олголтыг нийслэл хариуцдаг болбол жилд 10 мянган дугаар л олгоно гэх мэтээр хязгаарлалт тогтоох аж.         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ