ХҮИС-ийн багш, ажилчид БШУЯ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар нэр бүхий их, дээд сургуулиудыг нэгтгэж, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалж буй. Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг (ХҮИС)-ийг МУИС-ийн харьяанд нэгтгэх болсныг тус сургуулийн багш, ажилчид эсэргүүцэж БШУЯ-ыг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ.
Доктор профессор М.Должин: "Тушаалын шийдвэртэй танилцахаар сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч хариу өгөөгүй. Сайдын тушаалд наймдугаар сарын 19-ы өдрөөс манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож сургалтын байгууллагыг татан буулгахыг холбогдох хүмүүст үүрэг болгон өгсөн. Манай байгууллагаас есдүгээр сарын 1-н хүртэл яаманд тушаалаа танилцуулж өгөөч гэж удаа дараа хүсэлт өгсөн боловч есдүгээр сарын 1-нд тушаалыг танилцуулсан. Гэтэл наймдугаар сарын 19-нд татан буугдсан гэх шийдвэр гарсан байсан.
Эрх зүйн хувьд хянаж үзэхэд 296-р тушаал гарсан үндэслэлийн нэг хэсэг болох Боловсролын тухай хуулийн 24-1 буюу Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болохыг тогтоосон гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих ёстой заалтууд энэ тушаалын үндэслэл болсон нь эрх зүйн баримтын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Иймд бид энэ тушаал шийдвэрүүдэд тодорхой хэмжээний зөрчил байгааг харсан учир сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахаар шүүхэд хандаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
2010 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэж байсан бөгөөд 2017 онд тусгаарлаж байв. Тусгаарлагдах үедээ ХҮИС нь 3.7 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар жилийн орлого 2.8 тэрбум, нийт хөрөнгө 10.7 тэрбум, дансандаа 2.1 тэрбум төгрөгтэй байгаа талаар сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш О.Пүрэвдорж өнөөдөр танилцууллаа. Тэрээр "Манай сургуулийн санхүүгийн бодит байдал дээр тооцоо судалгаа хийгээгүй байж, багш нарынхаа цалинг тавьж чадахааргүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй болсон гэх мэдээллийг нийгэмд цацаж улмаар үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж байна. Мөн манай сургууль нь 2010 онд МУИС-тай нэгдэж, 2017 онд салахад өмч хөрөнгөд зөрчлүүд гарсан. Үүний нэг нь манай сургуулийн өмч "Цонжин болдог"-ийн цаад хэсэгт байрлах 10.4 га газартай байсан нь 6 га болсон байв. Түүнчлэн Да хүрээ захын хажууд эзэмшиж байсан газрыг манай сургуулийн жолооч байсан хүний нэр дээр шилжүүлсэн. Мөн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг хувийнх болгож, газрыг нь хувийн эзэмшил болгосон байсан. Өмч хөрөнгийн маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа, эцэслэгдээгүй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ