Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар тулааны жиндээ хүрчээ

Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтагын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан маргааш 19.00 цагт Бөхийн өргөөнд болно. Тулаанчид өнөөдөр жингээ үзсэн бөгөөд тамирчид 70 кг-ын жиндээ хүрсэн байна. Тодруулбал, З.Шинэчагтага 78кг-аас, Э.Цэндбаатар 75кг-аас жингээ хасаж хоёул 70 кг-д хүржээ.

 МУГТ Э.Цэндбаатар "Тулаан болоход ганцхан хоног дутуу байна. Сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Гэхдээ өрсөлдөгчөө басахгүй. 

Спорт бол тэр чигээрээ өрсөлдөөн. Аваргыг ялж аварга л болно. Тулаанд би ялбал шагналын тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулна. Тулааны хувьд төлөвлөгөө байна. Найман раундаас түрүүлж дуусгана гэж тооцоолсон. Өрсөлдөгчдөө жиндээ хүрсэнд баяр хүргэе гэж хэлмээр байна" гэв.

З.Шинэчагтага "Маргааш ренгин дээр уулзъя. Одоо юм хэлэх гэхээр догдолж, шатаад байна" гэлээ.

Маргааш Э.Цэндбаатар, З.Шинэчагтагын тулаанаас өөр хоёр тулаан Бөхийн өргөөнд болох бөгөөд нийт 6 тамирчин жингээ үзэв.

Мэргэжлийн боксын 57.5 кг-ийн жинд өрсөлдөх тамирчид:

  • "Ихэр бээлий" клубийн тамирчин Э.Сүхбат
  • "Хан бокс" клубийн тамирчин Э.Баярсайхан

Холимог тулааны 61кг-ийн жинд өрсөлдөх тамирчид:

  • Цэнхэр булангаас "Наадам центр"-ын тамирчин Г.Сайханбилэг
  • Улаан булангаас "Ширэн бээлий" клубийн тамирчин Ц.Отгонбаяр

Тулаан дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд тасалбарын үнэ 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ