“Тавантолгой” ХК-ийн нягтлан Д.Мөнхнасан нарыг ажлаас нь түдгэлзүүлж, хилийн хориг тавилаа

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн “Тавантолгой” ХК-ийн тооцооны нягтлан бодогч ажилтай Д.Мөнхнасан, “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер ажилтай байсан П.Мөнхтуул, “Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлтийн ахлах инженер ажилтай Ж.Мягмардорж нарт “Хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг өнөөдөр (2023.02.07) Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.
Шүүхээс яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Д.Мөнхнасанг “Тавантолгой” ХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллах үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
П.Мөнхтуулыг “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирлын албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ж.Мягмардоржийг “Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлтийн ахлах инженерээр ажиллах албан үүргээ биелүүлэхийг 12 сарын хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Яллагдагч Д.Мөнхнасан, П.Мөнхтуул, Ж.Мягмардорж нарын хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ