ЦЕГ: Цахимаар залилуулсан иргэдийн тоо өсч байна

Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн. Тиймдээ ч энэ төрлийн залиланд өртөх хүмүүсийн тоо ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэвч залиланд өртөгсдийн тоо буурахгүй нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ бол “FT Group” гэх сүлжээ. Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрсэн. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар тодрууллаа.

ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч байгаа. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй. Ямартай ч өргөдөл гаргаж байгаа хүний тоо өсч байгаа” гэв.

Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр "Цахимаар иргэдийг залилсан аппликейшнууд нь хохирогчдын мэдээллээр нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд үүгээр гүйлгээ хийхгүй байх нь зөв. Хохирсон иргэд нэн яаралтай ирж, гомдол мэдээллээ өгөх хэрэгтэй. Судалгаагаар "FT Group" нь Орос, Герман зэрэг улсад салбараа байгуулж, 2022 оны гуравдугаар сард Монголд орж ирсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш. Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан цэнэглэлт, таталтаа хийдэг крипто валютын нэг хэлбэр.

Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл өгөх боломжтой.

Цагдаагийн байгууллагаас нэн тэргүүнд гэм буруутай этгээдийг олж тогтоох, хөрөнгийг нь царцаах, гадаад руу шилжүүлсэн бол банкны системээр дамжуулан царцаана" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ