МЗЭ-ийн шагналт, зохиолч С.Баттулга: Зовоож төрөх бүтээлийнхээ санааг одоо ч хайсаар явна

      "Утгын чимэг-2022" наадмын тэргүүн байрын эзэн, МЗЭ-ийн шагналт С.Баттулгатай ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя. Тэрээр уг наадамд "Тэнгэр үр" өгүүллэгээрээ түрүүлсэн билээ. 

-Юуны өмнө "Утгын чимэг-2022" наадамд түрүүлсэнд тань баяр хүргэе. Энэ наадамд хэд дэхээ оролцов? Ер нь түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?

  -Баярлалаа. "Утгын чимэг" наадам бол хүүрнэл зохиолын төрлөөр бичиж буй зохиолчдын хүсэн хүлээдэг сайхан наадам юм шүү дээ. Анх 1990 онд "Шувуун саарал" нэртэйгээр зохиогдоход Лодонгийн Түдэв гуай "Эрхий дарам зай" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм билээ. Харин 1993 онд нэрийг нь "Утгын чимэг" болгож өөрчилсөн түүхтэй гэдэг. Зарим жил өнжсөн ч би буруу санаагүй бол өнөө жил 25 дахиа зохиогдсон байх шүү. Миний хувьд МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг энэ сайхан наадамд 2008 оноос бүтээлээ өгч эхэлсэн. Шилдэг аравт 7-8 удаа шалгарчээ. Мэдээж, наадамд бүтээлээ сойж байгаа хүн чинь амжилттай оролцохын төлөө уралдах нь тодорхой биз дээ?
   
 -"Утгын чимэг" тэргүүн байрын бай шагнал уншигчдад маань сонирхолтой байгаа нь мэдээж...

 -Түрүүлсний дараа хүмүүс надаас наад асуултыг чинь их асуусан. Харин олны танил нэг зохиолч "Бай шагналаас илүүтэй утга учир нь энэ наадмын нэр хүнддээ байдаг юм шүү дээ" гэж хэлээд өргөмжлөлийн маань хөлөөс адис хүртсэн нь их санагдсан даа. 

-Энэ жил шилдэг аравт шалгарсан өгүүллэгүүдийн бас шүүгчдийн талаар бодлоо хуваалцаач. Шүүмжлэгч Батсуурь нэлээн хатуу үг хэлсэн байна билээ...

 -Энэ жилийн "Утгын чимэг" наадамд 82 өгүүллэг ирснийг МЗЭ-ээс томилогдсон нэр бүхий долоон шүүгч уншиж, шилдэг арван өгүүллэгийг шалгаруулахдаа алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэднээс гадна хяналтаар уншсан удирдах зөвлөлийн зарим нэг гишүүний яриаг сүүлд сонсоход ер нь тэр олон өгүүллэгийн сайнаасаа муу нь олон байсан гэлцэх юм билээ. Миний хувьд өөрөө оролцож байсан болохоор тэр өгүүллэгүүдийг унших боломж байлаа ч ёс зүй байж болохгүй шүү дээ. Тиймээс нийт өгүүллэгийн хувьд үнэндээ хэлж мэдэхгүй байна аа. Харин утга зохиол судлаач Батсуурь докторын шүүмжийг уншсаныхаа дараа "Зохиолчдын ур чадварыг өсгөхийн тулд МЗЭ-ээс багагүй ажил хийх ёстой юм байна даа" гэж бодсон. Яг үнэндээ "Лодонгийн Түдэв, Жагдалын Лхагва, Далхаагийн Норов, Балжирын Догмид, Цэндийн Доржготов, Пүрэвхүүгийн Батхуяг гээд утга зохиолын их аваргуудын зохиол бүтээлээ уралдуулж байсан наадамд ийм ч өгүүллэг тэнцэх гэж дээ" гэсэн бодол шилдэг аравт үлдсэн зарим нэг өгүүллэгийг унших үед төрж байсаан, төрж байсан. Гэхдээ Монголын утга зохиолыг ганц наадамд ирсэн 80 гаруйхан өгүүллэгээр дүгнэх нь өрөөсгөл ойлголт л доо. 

-Хойшдоо "Утгын чимэг" наадамд оролцоно биз дээ? 

-Яах вэ, ганц хоёр жилдээ өнжих бодол байгаа. Харин цаашдаа энэ сайхан наадамдаа аль болох жил бүр оролцохыг хичээнэ дээ. 

-Ер нь "Утгын чимэг", "Болор цом", "Алтан өд" гэх мэт наадам байх ёстой юу?

 -Эдгээр наадам олон жил уламжлал болон зохиогдож ирсэн учраас үзэгч, уншигчдын хүсэн хүлээдэг болчихсон наадмууд шүү дээ. Тэр хэмжээгээрээ олон сайхан уран бүтээлчийг гаргаж ирсэн гэж хэлж болно. Байх эсэхийг нь миний хувьд шуудхан дүгнээд хэлчихэд арай болохгүй. Мэдээж хэрэг, шинэчлэгдэх, цаг үетэйгээ нийцүүлэх тал дээр бол яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ талаар сошиал орчинд олон хүн санал бодлоо хэлж байгаа харагддаг юм. Тэгэхээр ийм шаардлага бол зайлшгүй байгаа гэсэн үг л дээ. 

-Хэзээнээс уран зохиолын амтанд оров?

 -Би ном сонин харагдвал хаана ч хамаагүй уншаад суучихдаг хүүхэд байлаа. Ер нь надаар зогсохгүй манай гэрийнхэн бүгдээрээ л ном унших дуртай, тиймээс ч ном уншиж буй нэгэндээ саад болохгүйг хичээцгээнэ. Хааяа нутгийн айлуудаар бууж мордож явахдаа уншаагүй ном харагдвал "Уншчихаад буцаагаад өгье" гэж гуйн аваад харих замдаа морин дээрээ уншсаар нэг мэдэх нь ээ хаа хамаагүй зүг рүү явчихсан байдаг сан. Гэртээ ирсэн хойноо ч номоо гараас салгалгүй уншсаар нойрондоо дийлдээд унтсан хойгуур ах нар маань өнөө номыг шумарны гэрэлд унших гэж бараг л багахан хэмжээний дайн болдог байсан гэдэг. Тухайн үед хөдөөний айлуудад зурагт тэр бүр байдаг байсан биш, тэгээд ч манайх тийм ч боломжтой айл байгаагүй болохоор арга ч үгүй биз. Тиймээс ном битгий хэл сонины тасархай олдсон ч голохгүй уншдаг байсан юм.

 -Таны багшийг зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг агсан гэдгийг хүмүүс сайн мэднэ. Хэрхэн танилцаж, багш шавийн барилдлага тогтоож байв? 

-Шүлэг найрагт дурласан залуухан хөвгүүн байхдаа утга зохиолын ертөнцөд орж ирэхийн тулд туулж гарсан амьдралыг минь яриулах юм бол домог шиг зүйл бий л дээ.  Хөдөөнөөс хотод орж ирсний дараа Үйлдвэрлэл урлалын сургуульд уран баримлын ангид элсэн суралцаж байхдаа яруу найргийн олон дугуйлан, наадмаас үеийн нөхдөө олж, гэмгүй сайхан нөхөрлөж эхлээд удалгүй багштайгаа уулзаж танилцсан юм.
  "Тогоруутай нуур" дууны шүлэг бичсэн Баасанжавын Оролзод найз маань анх дагуулж аваачин танилцуулж байлаа. Миний хувьд хадаг энэ тэр барьж, сүр болоогүй ч багшийнхаа үргэлжилсэн үгийн анхны шавь болсондоо баярлаж явдаг юм. Олон ч жил дагасан даа. Ганц би ч биш манай үеийн олон залуусын чиглүүлэгч нь багш маань байсан.
  Багш тухайн үед эрдэмтэн, зохиолч Сүхбаатарын Батмөнх гуайн "Их Монгол" дээд сургуульд багшилдаг байлаа. Өөртөө ойрхон байлгахын тулд сургуульдаа тэгэхдээ бүр Төрийн шагналт, СГЗ Дарма Батбаяр багшийн даасан ангид оруулж, дэргэдээ авсан юм. Тэгээд дараахан нь хэдэн халтар шүлгээс минь нэгийг нь сонгож аван, долоо хоногийн дотор өгүүллэг бичих даалгавар өгснөөр би анхны өгүүллэгээ бичсэн. 
  Багш ч тэр өгүүллэгийг маань их тоож, урам хайрласнаар үргэлжилсэн үг рүү эргэлт буцалтгүй урвачихсан даа. Ингээд яриад байвал маш их зүйлийн тухай ярих хэрэгтэй болно оо. 

-Хамгийн их зовоож, гараас тань гарсан бүтээл гэвэл... 

-Зохиол бүтээл бүхэн л өөр өөрийн гэсэн онцлогтой, хувь тавилантай байдаг шүү дээ. Бүтээгчээ зовоогоогүй, хүнд бодолд автуулаагүй бол тэр зохиолыг ямар зохиол гэх юм бэ?! Тиймээс тэр нь, энэ нь намайг илүүтэй их зовоож гараас гарсан гэж дүгнэх нь үнэндээ хэцүү л дээ. Гэхдээ байна аа, бодол санааг минь галзууртал ээдүүлж, нойр хоолноосоо гартал маань зовоож төрөх тийм бүтээлийн санаагаа одоо ч би эрсээр яваа. 

-Санаа гэснээс та уран бүтээлийн эрэл хайгуулаа хаанаас эхэлдэг вэ? Зохиолын судалгаа их хийдэг үү? 

-Би чинь олон сайхан зохиолчийн нөмөр бараанд өдий зэрэгт хүрсэн хүн л дээ. Пүрэвхүүгийн Батхуягийн гарынх нь шавь байснаас гадна Дарма Батбаяр багшийн ангид оюутан байхдаа өвгөн багшаасаа мөн ч их зүйл сурсан даа. Тэднээс гадна Санжийн Пүрэв, Далхаагийн Норов, Хоролын Зандраабайдий, Арлааны Эрдэнэ-Очир гээд утга зохиолын олон сайхан аваргуудын үг сургаалыг сонсож явлаа. 
  Гэтэл тэр сайхан хүмүүс маань өнөөдөр бүгдээрээ л тэнгэрийн оронд одсон байна. Бас л хатуу орчлон байгаа биз? Тэр үедээ анзаардаггүй байж. Одоо хорвоогийн жамыг бага сага ойлгож, ухаарч эхэлж байгаа юм байлгүй утга, уран зохиолын төлөө оюун санаагаа чилээж яваа хэн бүхэнтэй элэг дотно явах юм сан гэж л бодох болж дээ.
   Тэр сайхан хүмүүстэй ойр дотно явахдаа нэг сайн бүтээл дараагийн бүтээлийнхээ санааг дагуулж ирдэг гэдгийг ойлгосон. Тэгэхээр зохиолч хүн зогсолтгүй эрж хайдгаас гадна зохиолын судалгааг нэн тэргүүнд зорьж хийдэг байх хэрэгтэй. Том жижиг гэлтгүй аливаа зохиол бүтээл судалгаа сайтай байж гэмээнэ уншигчдын зүрх сэтгэлд ойрхон очдог юм билээ. 

-Ингэхэд та шавьтай юу?

 -Би их хажиг, зожиг зантай юм шиг байгаа юм. Шавь орох бодолтой 2-3 ч залуу над дээр ирсэн л дээ. Гэвч тухай бүрийд нь би тэдэнд "Одоохондоо багш, шавь гээд яах вэ. Харин номын сайхан ах дүүс болъё. Ахаасаа асуух юм байвал санаа зоволгүй хэдийд ч хамаагүй асууж байгаарай" гэж хэлээд явуулсан даа.

 -Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье. 

Ш.Эрдэнэтөр
Эх сурвалж: www.bataar.mn

No description available.

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ