Шинийн нэгнээс гуравны өдрүүдэд дугаар хязгаарлахгүй

Тээврийн цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Очирбат “Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэл хотын хэмжээнд 376 уулзвар, 1700 гаруй орц, гарц бий. Гэвч ЦЕГ-аас эдгээр уулзвар, гарц, орцын гуравны нэгд л хүрч ажиллах хүн хүчний нөөцтэй. Тийм учраас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөвлөхөд сар шинийн баярын өдрүүдэд, ялангуяа шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд зах, гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалъя. Энэ дүрмийг мөрдөөгүйгээс үүдээд зам тээврийн осолж гарч, гол замууд дээр түгжрэл үүсдэг.
Шиний гуравнаас хойш орон нутгийг чиглэсэн шилжилт, хөдөлгөөн ихэсдэг. Тийм учраас иргэд маань замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бүсээ зүүж, хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй. Хурдаа зөв тохируулан, үдэш шөнийн цагаар гэрлээ шилжүүлж зорчоорой гэж зөвлөе" гэв.
Баярын өдрүүд нийслэл, орон нутгийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд уртасгасан цагаар ажиллах юм. Мөн цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, түгжрэл саатал үүсгэх дүрэм зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг зөвлөлөө.
Баярын өмнөх өдрүүдэд дотоодын цэргийн байгууллагаас зах худалдааны төвүүд дээр 50 орчим алба хаагч нэмэлтээр ажиллаж, хөдөлгөөн зохицуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ