БНСУ-руу 7 хоногт 80 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрдлээ

 Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн Агаарын тээврийг либералчлах асуудал бодитоор хэрэгжиж байна.

Монгол Солонгосын хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт;

  • 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр нэмэгдүүлж тохиролцлоо.
  • Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжтай нислэг байсныг 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр болголоо.
  • Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас гадна өөр 3 орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.
  • МУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж,харилцан шинэ 3 чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо.
  • Карго нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх замаар үнэ бууруулах тал дээр санал нэгдлээ.
  • БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ