Цалин нэмэхгүй бол эрүүл мэндийн салбар ажил хаялт зарлана

МҮЭХ-ноос цалин хөлс нэмэгдүүлэх, хувьцааны ногдол ашгийг иргэн бүрд олгох зэрэг хэд хэдэн шаардлагыг ЗГ, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа талаар бид мэдээлсэн. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэхгүй бол ажил хаялт зарлах тухай мэдэгдсэн юм.
Тэрээр “Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд ороод байна. Тийм ч учраас боловсон хүчний бодлого, зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн манай улсын эмч нар эмчилгээ, үйлчилгээг олон улсын хэмжээнд үзүүлж байгаа ч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чаддаггүй. Тийм ч учраас энэ салбарын ажилчид гадагшаа гарч ажил хөдөлмөр эрхлэх байдал нэмэгдсэн.
Хоёр жилийн өмнөөс л бид үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэхээр зүйл алга. Суурь цалингаа огт нэмээгүй эмнэлгүүд ч байна. Ялангуяа хөдөө орон нутаг, өрх, дүүргийн нэгдсэн эмнэлгийн цалин нэмэгдээгүй. Цаашид бидний шаардлагыг авч хэлэлцэхгүй бол ажил хаялт зарлана” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ