Сэтгүүлч Л.Баяржаргал: Хуулийн өмнө тангараг өргөсөн прокурор намайг "БҮГД НАЙРАМДАХЫГ НЬ УНШУУЛНА" хэмээн заналхийлсэн

Нэгүүн.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Л.Баяржаргалыг Нийслэлийн прокурорын газраас цагдан хорьж, шалгах саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Харин сэтгүүлч Л.Баяржаргал прокуророос татгалзсанаар өчигдөр буюу 03-р сарын 02-нд шүүх хурал хойшилсон. Харин өнөөдөр/2023.03.03/ түүнийг дахин цагдан хорих саналыг прокурор гаргаж, шүүх хэлэлцэх тов гаргажээ. Уг асуудлаар нь сэтгүүлч Л.Баяржаргалаас тодруулсан юм. 

Сэтгүүлч Л.Баяржаргал:

-Нэгүүн.мн сайт өнгөрсөн хугацаанд маш олон гэмт бүлэглэлтэй холбоотой мэдээллүүдийг илчилж, мэдээлсэн. Цагдаагийн байгууллага уг асуудлуултай холбоотой хэргүүд дээр маш удаашралтай ажиллаж байгаа атал түүнийг нь илчилсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хянаж шалгах, цагдан хорих саналыг удаа дараа гаргаж байгаад бид эгдүүцэж байна. Уг асуудлаар нь Тагнуулын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудад холбогдох саналаа хүргүүлсэн. 

Хуульзүйн туслалцаа авч чадаж байна уу?

- Өмнө нь буюу 02-р сарын  13-нд шүүх хурал товлосон. Ердөө цагийн өмнө хэлээд л шүүхэд дуудчихдаг.

Тухайн шүүхээр "сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж өгөөч" гэдэг саналыг прокуророос гаргасан.

Энэ бол бидний өөрсдийн сонгож, эзэмшиж, түүгээрээ хоолоо олж иддэг мэргэжил, боловсролыг шүүхээс хориглох нь буруу гэдэг дээр маргасан. Харин шүүхээс мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлахгүйгээр хилийн хориг тавих, хэрэгтэй холбоотой мэдээлэл задруулахгүй байх шийд гаргасан. 

Харин өнөөдөр мөн л цагийн өмнө дуудаад, цагдан хорих санал гаргасан. Яагаад намайг заавал хорих гээд байгаа юм, ямар үндэслэл байгаа юм. Яагаад гэмт бүлэглэлүүдээ хорихгүй байж сэтгүүлчийг хорих гээд байгаа юм. Би прокуророос татгалзах үндэслэл бүхий бичлэг үзүүлснээр хойшлуулсан. Гэхдээ өнөөдөр дахиад л цагдан хорих санал гаргасан. 

Нууц биш биш бол прокуророос татгалзах үндэслэлээ тайлбарлаж болох уу?

- Хууль хяналтын байгууллага сэтгүүлчийн эсрэг зохион байгуулалтад орсон. Тиймээс иргэн намайг шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй байхад яллахыг завдсан. Хуулийн өмнө тангараг өргөсөн прокурор "Бүгд найрамдахыг нь уншуулна" хэмээн заналхийлэхийг би өөрөө чихээрээ сонссон.

Мөн миний мөнгөө төлж үйлчлүүлж байгаа өмгөөлөгчид "намайг барьж, хорино" гэж нэлээн эрт хэлсэн байсан. Энэ мэт үйлдэл нь хууль хяналтынхан  зохион байгуулалттай гэдэг нь  батлагдаж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ