ЦЕГ: 3 настай хүүг зодсон хойд эцэг өмнө нь ял эдэлж байжээ

Цагдаагийн байгууллагаас 3 настай хүү зодуулж, ухаангүй байгаа гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэргийг тодруулбал, гуравдугаар сарын 8-нд  “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу цагдаагийн байгууллага  шалгалтын ажиллагаа явуулжээ.  Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэйгээр өнөөдөр /2023.03.10/  мэдээлэл өглөө. 

Тодруулбал, гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... хотхонд гурван настай эрэгтэй Б нь бусдад зодуулж гуравдугаар сарын 8-нд 09:40 цагт ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн. Улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явцад  Л-ийн хамтран амьдрагч Э нь  3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Гурван настай хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараа зугтаасан. Түүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж цагдан хорьсон. 

Э нь өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр  ял шийтгэл эдэлж байсан бөгөөд яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.  Гурван настай хүүгийн төрсөн эх нь хэргийг нуун дарагдуулсан. Э, Л нар нь 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран амьдарсан. 

Гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархиндаа битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас шинжээч эмчийг ажиллуулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ