Баригдашгүй Жон

... ХЭНИЙ Ч НҮДЭНД ӨРТДӨГГҮЙ ЖОН КЕРНКРОСС КИМ ФИЛБИГИЙН ДАРАА “КЕМБРИЖИЙН ТАВ” БАГИЙН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ГИШҮҮН БОЛСОН БИЛЭЭ...
2012 оны нэгдүгээр сарын нэгэнд домогт тагнуулч Ким Филбигийн мэндэлсний 100 жилийн ой болсон билээ. Түүнд, түүний найз нөхдөд сэтгүүлч, зохиолч Николай Долгополовын бичсэн “Ким Филби” нэртэй ном зориулагджээ.
“Мольер”-ын үзэгдэл
Ким Филбигийн тухай бичигдсэн номнууд дотор 200 гаруй хүний нэр дурдагддаг билээ. Тэгвэл Жон Кернкросс харьцангуй сүүдэрт байж, бага дурдагдсан байдаг. Энэ нь ч сайн биз ээ. Түүний ярвигтай, амаргүй хувь тавилан дардан байсангүй. Тийм ч учраас тэр товойж гараагүй, нээлттэй байгаагүй бөгөөд цөөн тооны найз нөхөдтэй байсан биз. Дуу цөөтэй Кернкросс Филби, Бержесс нарыг бодвол шинэ орчинд нэвтрэхдээ олон асуудалтай тулгардаг байв. Тэгээд ч тэр өөрийн хүрээллээ цөөн тооны хүнээр хязгаарлаж байсан юм. Энэ бүхэн туршуул, мэдээлэгч, тагнуулчийн үүрэгтэй нь нэг л холбогдож өгдөггүй билээ. Тагнуулч хүн хэнтэй ч хэл үгээ ололцчихдог, хүний эвийг олохдоо сайн байх учиртай. Тэгвэл Кернкросс дэлхийн хамгийн эртний хоёр дахь мэргэжил болох тагнуулчийн дүрд ер тохирохгүй байсан гэнэ.
Тэрбээр Британийн өндөр язгуурт гэр бүлүүдээс нэлээн өөр орчинд төрж, өссөн юм. Тэгвэл түүний хамтран ажиллагсдын дийлэнх нь язгуур гарлаараа бахархаж ярьдаг байлаа. Шотландын Глазго хотын нэгэн жижиг худалдаачны гэрт мэндэлсэн тэрбээр удам угсаа сайтай гэж гайхуулах юмгүй байв. Мөн тэрбээр олон тооны холбоо сүлбээтэй, эд хөрөнгөтэй гэж хашгирах хувьгүй нэгэн байжээ. Бусад нь зөвхөн нэр усаа хэлээд л ногоон гэрлээр явж байсан бол тэр өөрөө замаа засах шаардлагатай болсон юм. Чинээлэг бус гэр бүлийн отгон тав дахь хүү тэрбээр зөвхөн өөртөө найдахаас аргагүй байсан билээ. Тэгэхээр тэр өөрөө өөрийгөө бий болгосон хүн болж таарна. Нийгмийн шат гишгүүрийн өөд тэрбээр чадан ядан мацаж байв. Глазго орчмын Гамильтон гэдэг жижиг хотын академид 1930 оноос суралцан улс төрийн эдийн засаг, гадаад хэлийг судлажээ. Герман хэлийг тэр амархан сурсан байдаг. Угсаа гарвал муутай Кернкросс мэтийн залуус хэзээ ч тэтгэлэгт оюутан болж чадахгүй байсан гэдэг. Тэгвэл тэр ийм оюутан болж дөнгөөд Францын Сорбонны их сургуульд дадлагажих эрхтэй болсон билээ. Мань хүн дэндүү сайн суралцаж байсан тул залуу авьяастныг эрдэмтэн багш нар хараандаа авчээ. Хоёр жилийн дараа тэрбээр Парис хотод оччихсон сонгодог утга зохиолын судлалаар дагнан франц хэлээ сайжруулах болов. Түүний хайртай зохиолч Мольер болсон юм. Зөвлөлтийн тагнуулын албанд элсэхдээ тэрбээр анхны нэрээ их зохиолчийнхтой адилхан авсан гэдэг. Дараа нь тэр итали, испани хэлээр ярьж суран, швед, орос хэлээр уншиж сурчээ. 1934 онд гавал толгой Кембрижийн алдарт Тринити коллежийн оюутан болсон аж. Өөрт нь атаархсан усан толгой баячуудын хүүхдүүдийг ардаа орхин Кернкросс эгэл жирийн залуугийн хүрч боломгүй оргил өөд тэмүүлэх болов. Фашизмын эсрэг үзэл бодлоо тэр 1932 онд Францад сурч байхдаа тэндхийн коммунист үзэлтэй оюутнуудтай танилцсанаар бэхжүүлж авсан гэдэг. Гэхдээ үүнээс хэтрээгүй болов уу. Англи залууг өөртөө элсүүлэх ямар нэгэн оролдлогыг Зөвлөлүүдийн орон хийгээгүй байна.
Тринити коллежид ноёлж байсан Зүүний үзэл бодлууд түүнд ихэд таалагджээ. Тэрбээр ирээдүйн багийнхаа хамтран зүтгэгчдээс ч илүү радикал үзэлтэй нэгэн байжээ. Фашизмыг үзэн ядах сэтгэл нь Коммунист намд элсэх шалтаг болов. Тэр лейбористуудыг үзэн яддаг байлаа. Лейбористууд Зүүний үзэлтэн мэт боловч дор нь зангаа өөрчлөн Барууны чиглэлийг дагаж байсан юм. Магадгүй түүний дэндүү бардам зан үүнд их үүрэг гүйцэтгэсэн биз. Сурлага сайтай оюутан эрийг Тринити коллежийн хамт олон өөрийн эгнээндээ хүлээж аваагүй гэдэг. Тэр ч хэн нэгнийг аялдан дагалдах хүн биш байлаа.
Үгээгүй ядуу хувцасласан, уравгар дорой царайтай Жон тэр үеийн оюутнуудын очих дуртай уушийн газруудаар ордоггүй байсан юм. Тэр үнэндээ чимээ шуугиантай орчноос дайжиж явжээ. Пенс болгоныг хэмнэж байлаа. Үе тэнгийнхэн нь түүнийг шударга, даруу нэгэн хэмээн тодорхойлдог байв. Дээр нь тун ч хаагдмал, нууцлаг нэгэн гэж үздэг байжээ. Кернкроссыг Коммунист намд элссэн гэдгийг цөөн хүн таамаглаж байсан гэдэг. Зөвлөлтийн тагнуулчид коммунист байгууллагад хамааралтай гэдгээ нууж байхыг үүрэгддэг байсан юм. Тэд аль болох гэрэлд цохиулахгүй байж, олны газар Зүүний үзэл бодолтойгоо илэрхийлэхгүй, жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөдөг байжээ. Кернкросс ч ирээдүйн тагнуулчийн хувиар бүгдийг заавар журмын дагуу хийдэг байсан аж. 1936 онд тэрбээр сургуулиа дүүргэж дипломаа өвөртөлсөн бөгөөд франц хэлээр ус, цас ярьдаг болсон нь түүнийг бусад төгсөгчдөөс нь ялгаруулж байсан юм.
Франц, герман хэлийг гайхалтай сурсан нь түүнийг Форин офист элсэхэд тус болжээ. Энэ нь жижиг худалдаачны хүүгийн хувьд томоохон дэвшил байсан юм. Коммунист намд гишүүнчлэлтэйг нь хэн ч мэдээгүй юм. “Кембрижийн тав” гэгддэг бүлгийн дөрөвдүгээр гишүүн Энтони Блант л үүнийг мэдэж байжээ. Блант түүнээс хэдэн насаар ах байсан бөгөөд сургуульд байхад түүний эрдэм шинжилгээний ажлыг удирдсан гэдэг. Кернкросс Францын сонгодог утга зохиолын тухай эрдмийн ажил бичиж байсан юм. Тэдний харьцааг найрсаг байсан гэж хэлж болохгүй. Зүгээр л тэд нэг нэгийгээ ойлгодог байв. Хэл амаа амархан ололцдог гэсэн үг. Дотно нөхөрлөөгүй ч тэд нэг нэгэндээ итгэх болов. Үзэл бодол нэгтнүүд болжээ. Хоёул фашизмтай тэмцэх үйл хэрэгт үнэнч зүтгэнэ гэдгээ андгайлсан аж. Кернкросс мөн Гай Бержесстэй харьцдаг байжээ. Хэсэг хугацаанд тэд нөхөрсөг харилцаатай байсан гэдэг. Зарим нэг баримт бичигт Кернкроссыг тагнуулын албанд Баруун руу зугтаасан Зөвлөлтийн тагнуулч Орлов-Фельдбин элсүүлсэн хэмээн бичдэг билээ. Энэ нь худал зүйл юм. Францад тэд уулзалдаж байсангүй. Харин Лондонд тэдний зам салсан гэдэг. Орлов яаравчлан тус улсыг орхиж явахдаа хийж гүйцэтгэж амжаагүй зарим нэг даалгавраа холбоочин Фрэнкд үлдээсэн байдаг.
Түүнийг албандаа элсүүлэх гэж хэсэг хугацаа өнгөрөв. Кернкросс нуугдмал амьдралтай, бусадтай ил харьцдаггүй явдал нь Жоны талаарх мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгахад түвэг учруулж байсан юм. Зөвлөлтийн туршуул Арнольд Дейч түүнийг гүнзгийрүүлэн судлахад ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулахад хүрчээ. Кернкроссыг тагнуулын албанд Блант элсүүлсэн гэж хэлж болохгүй. Гүргэр шотланд эрд өөр өөрсдийн тодорхойлолтыг Филби, Маклин, Бержесс, Энтони нар өгч байсан аж. Дөрвүүлээ л түүнийг коммунист үзэл бодолтой гэдгийг баталж байлаа. Өндөр боловсролтой, харьцангуй сийрэг толгойтой гэдгийг нь ч нотлов. Энэ нь түүнийг албанд элсүүлэхэд хангалттай байсан юм. Гэхдээ төвийг сандаргаж байсан бас нэг зүйл байдаг. Жон Кернкросс Английн дээд язгууртнуудын хэмжээнд очихын тулд их хүч зарцуулсан байлаа. Тэгэхээр тэр зовж байж олсон энэ амжилтаа тагнуулын албанд зүтгэж баллах хүн мөн үү гэсэн асуулт урган гарчээ. Оюутан ахуйнх нь нэг найзтай холбоо тогтоож, цаадах нь ч түүнтэй тулж ярихаар зориглов. Жон Кернкросс төдөлгүй төрийн албанд зүтгэх болжээ. Эхэндээ түүний холбоо сүлбээ бага байсан юм. Гэвч уйгагүй зүтгэлийн үр дүнд нэгэн жижиг туршуулаас тэр үнэ цэнэтэй тагнуулч болтлоо өссөн билээ.
Кернкросс Зөвлөлтийн тагнуулын албаныхныг анхандаа ихэд зовоожээ. “Мольер” байнга л уулзалтын хугацаа, товлосон газрыг хольж, сольж будилдаг байв. Товлосон хугацаанд ирэлгүй хоцорч, эсвэл өөр газар очиж хүлээх зэргээр тарчлаах нь олшров. Тэгэхээр арга буюу үүнтэй нь эвлэрэхэд хүрсэн байна. Кернкроссын эрүүл мэндийн байдал ч таагүй байжээ. Тэр хар багаасаа л хараа муутай нэгэн байсан гэдэг. 1943 он гэхэд түүний хараа, сонсгол зэрэг нь ихэд муудсан аж. Арга буюу түүнд эмчилгээ хийлгэх мөнгө хүртэл өгч байсан гэнэ. Он жил өнгөрөх тусам байдал муудсаар түүний нэг чих юу ч сонсохгүй болжээ.
Кернкроссыг машин жолооддог болгох гэж нэлээдгүй зовсон байдаг. Нэг удаа тэрбээр Зөвлөлтийн холбоочин Питертэй уулзах гэж явахдаа яльгүй зүйлээс болж гэрэлд цохиулах дөхсөн гэдэг. Хэд хэдэн нууц баримт бичгийг авч ирэх үеэрээ Жон машинаа хөдөлгөөн ихтэй уулзвар дээр унтрааж хөглөсөн аж. Тэр машинаа асаах гэсэн боловч чадахгүй байжээ. Замын цагдаа түүнд туслаж машиныг нь асаасан гэдэг. Дараа нь түүнд бага хэмжээний жолооны хичээл заасан байдаг. Хэрэв цагдаа жолооч болон түүнтэй хамт явж буй хүний бичиг баримтыг шалгасан бол балрах байжээ. Английн төрийн албан хаагч нэг машинд Зөвлөлтийн дипломат ажилтантай ямар учраас сууж яваа нь сэжиглэл төрүүлэх байсан нь дамжиггүй. Мөн тэдний ачаа тээшинд үзлэг хийсэн бол тэрхүү гайт уулзвар дээр тэдний амьдрал дуусгавар болох байсан юм. Кернкросс машинаа зогсоол дээр зөв байрлуулж чаддаггүй байжээ. Цагдаа нар ч түүнийг олон удаа торгосон аж. Тийм учраас түүний машинд уулзалдах явдлаас татгалзахад хүрчээ. Лондон хотын захад хүн багатай газар уулзаж мэдээлэл дамжуулах болов. Жон ч будлиу нэгэн тул тохирсон газраа ирэхгүй тохиолдол олшрох болжээ. Гэхдээ л тэр үнэ цэнэтэй мэдээллийг олж авчирч байсан юм.
Зөвлөлтийн нөхдийн өгсөн үүрэг даалгаврыг өндөр сахилга баттайгаар биелүүлдэг байв. Яг хэрэгцээтэй материалуудыг хэрэгтэй үед нь олж ирж чаддаг байлаа. Шаардлагын дагуу үзэл бодол нэгт нөхдөөсөө хөндийрөхөд хүрчээ. Зүүний үзэл бодолтой найз нөхдөөсөө харьцаагаа таслав. Эсрэг хүйстэнтэйгээ тэр энгийн харьцаатай байжээ. Шалиг явдалгүй байсан гэсэн үг. Архи, дарсыг ч бараг хэрэглэдэггүй байв. Хэр баргийн хүнтэй яриа дэлгэдэггүй нь сайшаалтай байсан юм. Энэ бүхэн түүний дутагдлуудын хажууд дэндүү үнэ цэнэтэй байсан нь тодорхой.
Форин офисын АНУ болон Төв Европын хэлтсүүд дэндүү ажилсаг, хөдөлмөрч шинэ ажилтанд ажлыг хангалттай гаргаж өгчээ. 1937 онд Герман руу болон Германаас их хэмжээний материал илгээгдэж байв. Тэдгээрт Кернкросс дүн шинжилгээ хийж Москва руу дамжуулж байлаа. Түүний дамжуулж байсан мэдээллүүд дэндүү үнэ цэнэтэй байсан юм. Гэвч 1938 оны сүүлээр “Мольер”-ийг Сангийн яам руу шилжүүлжээ. Кернкросс тийшээ очих болсон нь сонирхол татдаг. Түүний мэдлэг боловсролыг чамласан хэрэг. Ямар ч байсан Сангийн яаманд очоод тэрбээр шинэ нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй болжээ. Мэдээлэлд хүрэх боломжууд нь хумигдав. Зөвлөлтийн тагнуулчид ч үүнийг ойлгож байлаа. Гэхдээ л тэрбээр Сангийн яаманд хичээн ажиллаж байлаа. Түүний мэдээлэл багассан ч дуусгавар болоогүй юм.
Лорд Хэнкигийн алдаа
Улаантнуудыг үзэн яддаг лорд Хэнки коммунист үзэл бодолтой Зөвлөлтийн тагнуулч Кернкроссыг ихэд үнэлжээ. Жон дэндүү ажилсаг, дуулгавартай ажилтан гэдгээрээ түүнд таалагдав. Хувийн нарийн бичгийн дарга нь эрч хүчээр дүүрэн байж, ажлыг нь умалзтал хийж байсан нь Хэнкид таалагдсан гэдэг. Гэхдээ 1941 оноос Кернкроссын дамжуулж байсан мэдээллүүд түгшүүртэй болж эхэлжээ. Тэрбээр Гитлер болон Грекийн угсаа залгамжилсан ханхүү Павел нарын яриа хэлэлцээрийн протоколыг олж дамжуулсан байна. Энэ баримт бичиг удахгүй Герман улс ЗХУ руу довтлох нь дамжиггүй гэдгийг баталсан билээ. АНУ болон Шведэд суудаг Английн Элчин сайдууд ч ийм утгатай захидлуудыг илгээж байсан нь Кернкроссын гарт оржээ. Английн тагнуулын албад ч Герман болон Финландад байгаа цэргийн бүрэлдэхүүн идэвхтэй бэлтгэлд хамрагдах болсныг мэдээлж байлаа. Туркт суугаа Английн элчин сайд ч мөн түгшүүртэй мэдээ дамжуулж байв. Тэр орчмын Германы хөлөг онгоцууд ЗХУ-ын Хар далайн эрэг орчим руу илгээгдэж буйг илтгэжээ.
1941 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Кернкросс Английн удирдлага Герман улсын халдлагын талаар ямар байр суурьтай байгааг илтгэсэн баримт бичгүүдийг илгээж эхлэв. Холбоотнууд нь ЗХУ-д орчин үеийн зэвсэг, техник нийлүүлэх бодолгүй байгааг мэдэж авчээ. Энэ мэдээлэл тухайн үедээ дэндүү үнэ цэнэтэйд тооцогдож байсан юм. Энэ үед Кернкросс “Карел” гэдэг нууц нэрээр ажиллаж байлаа. 1938 онд тэрбээр шинэ ажил хайхад хүрсэн гэдэг. Лорд Хэнки ажлаа сольсон тул хувийн нарийн бичгийн дарга нь шинэ ажил хайхад хүрчээ. Хамгийн чухал нь шинэ ажил нь ЗХУ-д мэдээлэл олж дамжуулахад хэрэг болох учиртай байжээ. Иймээс Зөвлөлтийн тагнуулч Горский түүнд нууц үг тайлагчдын сургуульд ажилд орохыг зөвлөсөн аж.
“Карел”-д зориулсан шагнал
“Кернкросс” нэртэй машин ч байдаг чадлаараа ажиллаж эхлэв. Гэхдээ энд нэг асуудал үүсэв. Англичууд ЗХУ-тай нууц мэдээллээсээ хуваалцахдаа хэзээ ч эх сурвалжаа ил болгож байсангүй. Харин ч эсрэгээрээ толгой эргүүлж, уг мэдээлэл гуравдагч этгээдээс олдсон, эсвэл Германы олзлогдогсдоос олж авсан хэмээн мэлзэж байлаа. Мөн мэдээллээ солилцохдоо хожимдуулдаг тал гарчээ. Тиймээс Кернкросс энэ үед ихээхэн тус болсон юм.
Курск хот орчимд болсон танкийн томоохон тулалдаанд оросууд ялалт байгуулахад нөлөөлсөн чухал мэдээллийг тэрбээр дамжуулжээ. “Карел” аль 1942 онд англичуудын гарт орсон Германы шинэ загварын “Тигр” танкийн техникийн үзүүлэлтүүдийг ЗХУ руу дамжуулсан байдаг. Ингэснээр уг танкийн хуягт дуулгын зузаан нь тодорхой болж, түүнийг нэвтлэх хэмжээний их бууны сумыг оросууд бүтээж амжсан юм. Иймээс ЗХУ тэрхүү тулаанд бахдам ялалт байгуулсан билээ. Мөн “Карел” Курск хавийн Зөвлөлтийн цэргийн байрлалыг германчууд сайтар мэдэж байгаа гэдгийг анхааруулж амжсан аж. Үүний үр дүнд Зөвлөлтийн удирдлага тулалдааны өмнөхөн цэрэг, зэвсгээ шилжүүлж байрлуулж дөнгөжээ. Ингэснээр германчуудын төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм. Энэ тулалдаанд ялалт байгуулахад тусалсан учраас Кернкросс Улаан тугийн одонгоор шагнагдсан билээ. Дайн дуусахаас өмнө түүний шагналыг Англид хүргэсэн байдаг. Тагнуулч Крешин түүнтэй уулзаад шагналыг нь нэр төртэй гардуулсан аж. Жон ч сэтгэл нь ихэд хөдөлж буйгаа илэрхийлэн талархлаа дэвшүүлжээ. Тагнуулчдын бичигдээгүй хуулийн дагуу уг одонг Зөвлөлтийн тагнуулчид буцааж өгч хайрцганд хийлгүүлээд Москва руу илгээсэн байдаг. Одон тэнд өнөөг хүртэл хадгалагдаж байгаа юм. Төдөлгүй Кернкросс нууц үг тайлагчдын сургуульд ажиллахаа больж Их Британийн тагнуулын нууц албанд элссэн байна. Английн тагнуулын албаны төв аппаратад ажиллахдаа тэрбээр ЗХУ болон Балканы хойг дээр үйл ажиллагаа явуулж буй Германы тагнуулчдын талаарх нууц мэдээллүүдийг тайлж уншиж, дүн шинжилгээ хийж байсан юм. Тэрбээр Германы олон тагнуулч, туршуулуудын нэрийг нууц нэртэй нь мэдэж авчээ. Энэ бүх мэдээллийг Зөвлөлтийн тагнуулчдад дамжуулж байлаа. Чухам энэ үед л Кернкроссын ажил жинхэнэ оволзож эхлэв. Олон тооны нууц материал, мэдээлэл, дүн шинжилгээ зэргийг холбоочдоор дамжуулж илгээх болжээ. “Карел” тэр ч байтугай баримт бичгүүдийн эхүүдийг илгээж байв. Долоо хоногтоо нэг удаа тэрбээр шөнийн жижүүрт гарах үеэрээ байгууллагад нь ирж буй мэдээллүүдэд нэвтрэх боломжоор хангагдаж байсан юм. Нэг үдэш түүний гарт Балканы улс орнуудад ажиллаж буй Английн туршуулуудын жагсаалт орсон байдаг.
Кернкросс мөн даргынхаа сейфний түлхүүрийг олж хувилж аваад түүнийг байхгүй үеэр нь нууц материалуудтай танилцах боломжийг өөртөө олгожээ. 1944 оны намар ЗХУ Гиммлерын өгч буй удирдамжуудыг ихээр сонирхох болов. Эдгээрийг мөн Кернкросс олж аваад цааш дамжуулжээ. Ухарч байхдаа фашистууд Германд болон чөлөөлөгдөж буй улс орнуудад нууц бүлгэмүүдийг орхихоор төлөвлөсөн байлаа. Тэдгээр нь тагнуул, хорлон сүйтгэгчид болон Аюулгүйн албаны ажилтнуудаас бүрдэх учиртай байв. Бүлгүүдийг СС-ийн офицерууд ахалж байсан бөгөөд эдгээрийг Гиммлер, Кальтенбруннер, Борман зэрэг нацистууд удирдах учиртай байсан юм. Хорлон сүйтгэгчид химийн хорт бодис, тэсрэх бөмбөг зэрэг үй олноор устгах зэвсгийг бүтээн хэрэглэх сургалтад хамрагдсан хүмүүсээс бүрдэж байлаа.
Гэвч тэдний энэ санаа бүтэлгүйтсэн юм. Магадгүй үүнд Кернкроссын дамжуулсан мэдээлэл нөлөөлсөн биз ээ. Тэрбээр Английн тусгай албанд дайныг дуустал ажилласан юм. Албанаасаа чөлөөлөгдсөний дараа ч тэрбээр үнэ цэнэтэй мэдээллийг дамжуулсаар байлаа. 1949 онд Кернкроссын үйл ажиллагаа эргээд идэвхжив. Энэ үед тэрбээр Сангийн яаманд ажиллаж байсан гэдэг. Тэгэхэд НАТО цэргийн эвсэл байгуулах ажил хийгдэж байсан юм. ЗХУ энэ байгууллагын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байжээ. Сангийн яам энэ эвслийн мөнгө, санхүүгийн асуудлыг мэдэж байсан тул хэрэгтэй мэдээлэл амархан олдов. Уг эвслийн мөнгө хаашаа шилжиж байна, хэн хэдий хэрийн мөнгө хүртэж байна вэ гэдгийг оросууд цаад эздээс нь өмнө мэдэх боломжоор хангагджээ.
Сөрөх тагнуулын албаны хараанд өртөв
Эрт, орой хэзээ нэгэн цагт Кернкросс Сөрөх тагнуулын албаны хараанд өртөх нь тодорхой байсан юм. Английн Ми-5 тагнуулын алба Германы туршуулуудыг мөрдөж байсан хэдий ч дайны дараагаар дотооддоо буй өөрсдийн тагнуулчдыг илчлэх ажлыг эрчимжүүлжээ. Түүнийг энэ бүх хугацаанд сэжиглэж, мөрдөж байсныг тэр мэдсэн болов уу? Мэдсэн байж таарна. Анх түүнийг 1951 оны есдүгээр сард саатуулж мэдүүлэг авсан байдаг. ЗХУ-ын талд 15 жилийн туршид ажиллахдаа “Мольер”, “Навч”, “Карел” бөгөөд Жон Кернкросс туршлагатай тагнуулч болсон нь мэдээж. Түүнийг шалгаад онцын зүйл илрүүлээгүй боловч оргон зайлсан Бержессын орон гэрт нэгжлэг хийх үеэрээ тагнуулчид нууц мэдээллийг агуулсан зарим нэг захидлыг илрүүлсэн байна. Гэтэл эдгээр захидлыг бичсэн хүний бичгийн хэв Кернкроссынх байж магадгүй гэсэн сэжиглэл төржээ. Харин Жон эдгээр бичиг баримт ямар ч нууц агуулаагүй гэдгийг баталж чадсан юм. Эдгээр нь зөвхөн төрийн албан хаагчид хоорондоо солилцож байсан тэмдэглэлүүд болохыг тэрбээр өгүүлэв. Тэгээд ч уг захидлууд аль 1939 онд бичигдсэн гэдгийг Кернкросс “санажээ”. Ингэснээр тэр ял сонсоогүй хэдий ч төрийн албанаас халагдсан байна.
Тэрбээр нууцлаг амьдрах болов. Зөвлөлтийн тагнуулчид түүнийг эрж хайсан боловч амжилт олсонгүй. Тэр хаачсан нь тодорхой болсонгүй. Гэсэн ч Зөвлөлтийн тагнуулын алба түүнийг яаж ийгээд олсон байна. Түүнтэй цаашид харьцахгүй байх шийдвэрийг төвөөс гаргав. Бүрмөсөн. Түүнд хоёр жил амьдрахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө өгчээ. Тэрбээр сүүлчийн уулзалт дээр ямар нэг алдаа гаргаагүй гэдгээ мэдэгджээ. Түүний хувь заяа цаашид хэрхсэн нь тодорхойгүй. Домогт тагнуулч Филби 1963 онд Бейрутээс зугтсаны дараа Кернкроссыг дахиад л шалгаж эхэлсэн байна. Түүнийг шүүсэнгүй. Кернкросс Францад очиж суурьшаад Провансад нам гүмхэн амьдрав. Гэтэл 1981 онд төмөр хатагтай гэгддэг Ерөнхий сайд Тэтчер гэнэт парламент дээр үг хэлэхдээ Кернкроссыг Зөвлөлтийн туршуул байсан гэдгийг зарлаж орхив. “Кембрижийн тав” бүлгээс ганцхан Кернкросс урт насалсан билээ. Тэрбээр 1995 онд таалал төгссөн билээ. Тэр 82 насыг зооглосон юм.
“Кембрижийн тав”
ЗХУ-ын талд ажилласан туршуулын хамгийн том сүлжээ болох Английн таван иргэний тагнуулын ажиллагаа түүхэнд “Кембрижийн тав” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн билээ. 1930-аад оны дунд үеэр ЗХУ-ын Гадаад тагнуулын албаны Их Британи дахь ажилчдын элсүүлсэн туршуулуудын бүлгийг ийнхүү нэрийдсэн юм. Энэ бүлэгт Ким Филби, Доналд Маклин, Гай Бержесс, Энтони Блант, Жон Кернкросс нар багтжээ.
Ким Филби нь Британийн нууц албанд ажиллаж байсан бол Доналд Маклин, Гай Бержесс нар Английн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ дамжуулж байсан юм. Язгууртан гаралтай Энтони Блант дайны үеэр Британийн тагнуулын албанд алба хааж байгаад дараа нь хэсэг хугацаанд Эзэн хааны ордонд зөвлөхөөр ажиллаж байв. Жон Кернкросс дайны үеэр нууц мэдээлэл тайлж уншдаг албанд ажиллаж байсан юм. 1951 онд баривчлагдахаасаа айгаад илчлэгдсэн Доналд Маклин, Гай Бержесс нар ЗХУ-д орогнол олсон билээ. 1963 онд Ким Филби мөн ЗХУ руу зугтсан аж. Харин Энтони Блант, Жон Кернкросс нар ЗХУ руу зугтахаас эрс татгалзжээ. Тэд Британийн Сөрөх тагнуулын албанд үнэн мэдүүлэг өгснөөр аврагдсан гэж үздэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ