Эмэгтэй хүний жинхэнэ сайхан бэлхүүс ямар хэмжээтэй байвал зохих вэ

Орчин үеийн эмэгтэйчүүд байнгын залуу, гоо сайхан байх замдаа өч төчнөөн хэцүү асуудалтай тулгардаг бөгөөд эдгээрээс хамгийн гол нь илүүдэл жин юм.

Британийн эрдэмтэд бэлхүүс, өндрийн өөр өөр харьцаа бүхий янз бүрийн бүлэг хүнийг яг хорин жил ийнхүү ажиглажээ. Чухамхүү энэ хоёр үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд хамгийн зохистой байх тийм тоог бодож гаргах боломжийг эрдэмтдэд олгосон байна.

Илүүдэл жингийн индексийг тооцоолох хамгийн өргөн хэрэглэгддэг арга нь биеийн жингийн индекс бөгөөд саяхнаас эрдэмтэд биеийн өндрийг бэлхүүсний хэмжээнд харьцуулах арга хэрэглэхийг зөвлөх болжээ. Юу гэвэл, одоогоор энэ арга нь илүүдэл жинтэй эсэхийг харуулах илүү нарийн үзүүлэлт болж байна.

Бэлхүүсний жинхэнэ тохирох хэмжээ нь хүний өндрийн талаас илүү байх ёсгүй гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Тийнхүү өндрийг бэлхүүстэй харьцуулах нь хүний жинг гаргах хавьгүй илүү үр дүнтэй арга болж байгааг Их Британийн шинжээчид тогтоосон байна. Яг энэ үзүүлэлт нь хүний наслалтын тухай илүү бүрэн мэдээллийг ч өгч чадна гэж эрдэмтэд үзэж байна.

Тэгвэл бэлхүүсний жинхэнэ тохирох хэмжээний тухай хэлэхэд, энэ нь хүний өндрийн 50 хувиас хэтрэх ёсгүй ажээ. Бэлхүүс нь биеийн өндрийн 80 хувьд хүрч байгаа бол, дундаж наслалт 17 жилээр богиносдог байна. Өөрөөр хэлбэл, 182 сантиметр өндөртэй эрэгтэй хүний хувьд бэлхүүсний хамгийн тохирох хэмжээ нь 91 сантиметрээс бага. Харин 170 сантиметр өндөртэй эмэгтэйн хувьд бэлхүүсний хэмжээ нь 85 сантиметрээс бага байх ёстой.

Таван наснаас эхлэн хүүхдийн жинг тооцоолоход ч энэ аргыг хэрэглэж болно. Цаг алдалгүй анхаарал хандуулж, илүүдэл жинг хасч эхлэхийн тулд асуудлыг аль болох эрт шийдвэрлэж эхлэхийг шинжээчид зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ