Осолдож үхсэн нөхрөө “Яамай даа, яс нь амраг” гээд хадмууддаа хөөгджээ

Чингэлтэй дүүргийн арваннэгдүгээр хороонд Б гэх эр эхнэр, хүүхэд, дүү нартайгаа амьдардаг байжээ. Дүү нар нь “Хүчит Шонхор” захад махны ченж хийдэг аж. Мань эр дүү нарынхаа урд, хойно гүйж, ойр зуурын ажилд нь туслан, хоногийн хоолоо олдог байж. Харин нэг гэм нь үргэлж балгадаг явдал юм. Гэхдээ бас учиртай гэнэ. Орой ажлаа тараад 0,5 литрийн “Хараа” нэгийг авчиран ганцаараа уугаад унтах бөгөөд өглөө ажилдаа гарахдаа 100 граммын “Ерөөл”-өөр дотроо засдаг заншил тогтоожээ. Түүнээс биш, ажлын үеэр архи огт уудаггүй байсныг нь дүү нар хийгээд эхнэр нь ярьжээ. Агсан согтуу ч тавьдаггүй, хүмүүжилтэй нэгэн гэх. Эхнэр нь түүнийг архинаас холдуулахын тулд лам, бөө, эмнэлэг гээд яваагүй газар үгүй бөгөөд тэгсхийгээд цөхрөнгөө баран орхижээ. Биеийг нь бодсон хэрэг л дээ. Мань хүн хэдэн хоногийн өмнө ажлаа хийж байхдаа ар, араасаа эгнэн зогссон машины хоорондуур гартал, өмнөх машин нь гэнэт ухарснаас хоёр машины хооронд хавчуулагдан нас баржээ. Уй гашуу, уйлаан майлаан бололгүй яахав. Энэ үеэр эхнэр нь санамсаргүйгээр “Яамай даа яс нь амраг” гэчихжээ. Үүнийг сонссон хадам дүү нар нь ихэд бухимдсан ч, оршуулгыг нь өнгөртөл юм хэлээгүй агаад, гаргасных нь дараа үтэр хөөн, нүүлгэжээ.

М.Тэлмэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ