Хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улс төрд шинэ манлайлагч”-ийг дэмжиж байна


Залуучуудын манлайллыг дэмжих зорилгоор өнгөрсөн зунаас эхэлсэн Улс төрд шинэ манлайлагч төсөлд, эх орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн шилдэг 90 оролцогч манлайллын сонирхолтой хөтөлбөрүүдээр өрсөлдөж байна. Залуучуудын өмнө тэгш боломж, цэвэр өрсөлдөөний талбарыг бий болгосон энэхүү телевизийн зорилтот төслийг дэмжин ажиллах байгууллага, хамт олон нэмэгдсээр байна. Тэр дундаа дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ төслийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Өөрчлөлтийн төлөө бодит оролцоогоороо нэгдсэн шилдэг 90 оролцогчийн бодлогын манлайллын сонирхолтой өрсөлдөөнийг үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэж сонирхож байгаа үзэгчдээс талархлын болон эерэг шүүмжлэлийн олон сэтгэгдлүүд төслийн багт ирж байгаа гэнэ. Мөн нийгэмд чиглэсэн гэрэл гэгээтэй энэ төслийг хамтран хэрэгжүүлэх санал санаачлгыг ч байгууллагууд гаргасаар байна. Өнөөдөр улс төрд шинэманлайлагч төслийн мэдээллийн хамтран ажиллагч байгууллага “Өглөө бүр тантай хамт уриатай Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин”, Үндэснийхээ эрх ашгийг хамгаална уриатай үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өглөөний сонин” UBS телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарыг үсэг зурлаа.
Залуусын бүтээлч санаачлага, нийгмийн оролцоог төрөл бүрээр дэмжиж нийгмийн бүхий л салбарт манлайлал бий болгох зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” төсөл залуучуудын байгууллага, бодлогын судалгааны хүрээлэнгүүд, Удирдлагын академи, Лектор төв зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төслийн удирдагч Ж.Баяр, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэх үеэр нийгэмд чиглэсэн энэхүү төслийг олон нийтэд хүргэх талбарт хамтран ажиллаж байгаа нь өөрөө үнэ цэнэтэй үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөөх бодит алхам болохыг онцлон хэлээд, монголын хэвлэл мэдээллийн салбар тэрдундаа өдөр тутам уншигч олондоо шинэ мэдээллийг түгээж байдаг нэр хүндтэй сонинууд, тэдний хүчирхэг хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа хэллээ. Төслийн ач холбогдол цар хүрээг тэлж, улс төр, нийгэм, эдийн засгийн талбарт залуучуудын оролцоогоор эерэг өөрчлөлт хийх энэ их үйлсэд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа харилцан илэрхийллээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ