С.Эрдэнэ: Тэд миний нэр хүндэд халдах гэж зориуд ийм мэдээлэл цацлаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн буруугаас болж элсний наадамд манай тамирчид явж чадаагүй, үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ Монголын олимпийн хорооны ерөнхийлөгчийг шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл өчигдөр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэргүүн хэмээх сонгуульт ажилтай нь холбоотой мэдээлэлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тайлбар хийлээ.
Манайд МСБХ, МҮСБХ гэж хоёр холбоо байдаг аж. Үүнээс л бүх асуудал үүдэлтэй байна. Учир нь МСБХ бол ууган холбоо нь. Харин МҮСБХ нь С.Эрдэнэ гишүүний удирдлагад байдаг юмсанж. Ууган холбоог байгуулалцахад түүний аав гар бие оролцож явсан нэгэн бөгөөд 1992 оноос Ахмадын сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачилсан хүн ажээ. Тиймээс эрхэм гишүүн энэхүү тэмцээнийг өөрийн аавын нэрэмжит болгохыг хүссэн байна. Энэ саналыг нь хүлээн авчээ. Гэвч тэд гишүүний санаанд хүртэл ажиллаж чадаагүй тул залуустайгаа ярилцаад МҮСБХ-г байгуулсан гэнэ. МҮСБХ-ноос сүүлийн хоёр жилийн турш гаднын легионер тамирчид, өндөр зэрэглэлийн дасгалжуулагч нар авчирсан нь манай тамирчдын ур чадвар өсөхөд нөлөөлсөн. Улмаар Инчеоны Азийн наадамд манайхан өндөр амжилт үзүүлж, Монголд сагсан бөмбөг хөгжиж байгааг харуулж чадсан нь гарцаагүй үнэн.
Харин МСБХ-ны багш, дасгалжуулагч нар нь өөрсдөө холбоогоо шүүхэд өгч, улмаар шүүхээс “Сүүлийн хурал, сонгосон удирдлага нь хууль бус юм байна. Дахин хурлаа хийж удирдлагаа сонготол үйл ажиллагааг нь түр зогсоо” гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл МҮОХ-ноос хуучин холбооны нэрээр элсний наадамд тамирчид явуулах гэсэн байж. Шүүхээс үйл ажиллагааг нь зогсоосон холбооны нэр дээр тамирчид явуулж болохгүй гэдгийг С.Эрдэнэ гишүүн МҮОХ-ныхонд сануулжээ. Түүнээс биш, тамирчдыг явуулахгүй гэсэн юм биш гэлээ. Үүнийг нь ташааруулж, магадгүй санаатайгаар нэр хүндэд нь халдах гэсэн оролдлого хэмээн С.Эрдэнэ гишүүн үзэж буй юм байна. Тэрээр "Тэд миний нэр хүндэд халдах гэж зориуд ийм мэдээлэл цацлаа" гэв. Харин элсний тэмцээний тухайд одоо ч оролцуулах боломжтой гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн н.Загдсүрэнг шүүхэд өгөөгүй гэдгээ ч албан ёсоор мэдэгдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ