Хүний эрхийн Үндэсний Комисс дахин А статусаар магадлан итгэмжлэгдлээ

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооноос 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд явуулсан магадлан итгэмжлэлийн шалгаруулалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг А статусаар магадлан итгэмжлэхээр болсоноо мэдэгдсэн байна.

Ингэснээр ХЭҮК нь гурав дахь удаагаа А статустайгаар Парисын Зарчимд бүрэн нийцсэн хүний эрхийн үндэсний байгууллага болохоо баталгаажуулав.

ХЭҮБ-уудын Олон Улсын Зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай, 5 жил тутамд гишүүдийг магадлан итгэмжлэлд оруулж, А, B, С ангиллаар үнэлдэг. А буюу нэгдүгээр зэрэглэлийн статустай хүний эрхийн үндэсний байгууллага нь Олон улсын зохицуулах хороо /ОУЗХ/ -ны албан ёсны шийдвэрүүдийг гаргахад оролцох, санал өгөх бүрэн эрхтэй.

Олон Улсын Зохицуулах Хорооны бүрэн эрхт гишүүний хувиар хамтран ажиллахын нэг ач холбогдол бол уг хороо нь НҮБ-ын хүний эрхийн тогтолцоонд идэвхитэй оролцогч болохын хувьд гишүүн байгууллагууд нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, тусгай процедур, ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Хүний эрхийн Дээд Комиссарын газар, гэрээний байгууллагуудын үйл ажиллагаа, хурал чуулганд оролцогч улсуудаас хамааралгүй оролцож байр сууриа илэрхийлэх, санал оруулах боломж олгож байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ