Сурагчид коридортоо хичээллэж байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийнхан хүнд нөхцөлд ажиллаж, суралцаж байна.

Тус сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургалтаараа дүүрэгтээ төдийгүй улсад дээгүүрт ордог бөгөөд 650 гаруй сурагч суралцдаг байна.

Суралцах орчин нөхцөл муугаас зөвхөн энэ жил 100 гаруй сурагч өөр сургуулиудад шилжсэн байна. 2004 онд МХЕГ-аас уг сургуулийн барилгад шалгалт хийж, сургуулийн зориулалтаар ашиглах боломжгүй, үйл ажиллагааг нь зогсоож актлах дүгнэлт гаргажээ. Гэвч өөр байргүйгээс урсгал засвараар аргацааж иржээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хичээлийн “А” корпусын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гарсан. 2008 онд баригдсан сургуулийн “Б” корпусын зургаан ангид 650 хүүхэд гурван ээлжээр хичээллэж, өнгөрсөн хичээлийн жилийг дуусгасан байна. Хичээлийн байрны багтаамж анги танхим хүрэлцээгүйгээс сурагчид коридортоо хичээллэхэд хүрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ