Цагдаагийн байгууллагыг Х.Тэмүүжин юу болгов

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж том дуугарч Хууль зүйн сайдаар томилогдож байв. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад огцрох хүртэл хоёр жилийн хугацаанд Х.Тэмүүжин хуулийн салбарыг шинэчлэх биш харин ч ааруул идэхээр ирээд АН-ыг самарсан Н.Энхбаяр шиг хуулийн салбарыг самарсан гэхэд хилсдэхгүй.
Х.Тэмүүжин томоохон шинэчлэл хийх нэрийдлээр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгав. Гэхдээ энэхүү ажлыг шинэчлэл гэж хэлэхэд хэцүү. Харин ч хуулийн салбарт цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг гаж тогтолцоо гарч ирэв. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаагүй байхад гэмт хэрэгт холбогдсон цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хуулийн салбарт ажиллаж буй алба хаагчдыг энэхүү алба шалгаж үнэн зөвийг тогтоодог байлаа. Харин татан буугдсанаараа цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг болсон юм. Мэдээж танилын хүрээн дотроо хэргээ шалгах нь хэрэг үнэн зөв шийдэгдэх нь хэр бол гэсэн асуулт өнөөдрийг хүртэл хариултаа нэхэн хүлээсээр.
Мөн цагдаагийн байгууллагыг өс хонзон авах хэрэгсэл мэт ашиглаж байгаа нь туйлын харамсалтай. Хууль зүйн сайд болсоныхоо дараа агентлагийн, газрын дарга нарыг халж сэлгэхдээ ЦЕГ-ын даргаар Бригадын генерал Б.Билэгтийг томилов. Гэтэл удаа ч үгүй “Миний хамгийн том алдаа бол Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилсон явдал байлаа” гэж харуусаж эхлэв. Улмаар өнгөрсөн наймдугаар сард Засгийн хуралдаанаар Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн юм. Амралтаа аваад байх хугацаандаа халагдсан Б.Билэгт шүүхэд гомдол гаргаснаар шүүх Б.Билэгтийг ажилд нь буцаан томил гэсэн шийдвэр гаргажээ.
Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагад “хувцас” шинэчлэхээс өөр ажил хийсэнгүй. Харин шинэчлэл гээд байгаа хийсэн ажил нь хурандаа нар ЦЕГ-ын удирдлагуудтайгаа өс хонзонтой болж үлдсэн явдал л байлаа. Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөнийхөө дараа дөрвөн хурандааг ажлаас нь чөлөөлсөн. Харин тэд Засгийн газар огцорсон сургаар “Бид удахгүй эргэн ирнэ. Ирээд биднийг явуулсан хүмүүсээс хариугаа авна” гэж ярьж явсан талаар ЦЕГ-ын дотоод эх сурвалж мэдээлсэн юм. Энэ мэт Хууль зүйн салбарыг шинэчлэнэ гэж томоохон салбар хариуцан авсан Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагаар тоглож орхилоо.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад “Шоронжсон Монгол” боллоо гэж шүүмжилж байсан. Гэвч Ц.Нямдорж хэзээ ч цагдаагийн байгууллагаар ингэж тоглож байгаагүй нь үнэн юм. Харин Х.Тэмүүжин хууль зүйн салбарыг “шинэчилсэн” хоёр жилийн хугацаанд хууль хүчний байгууллагын удирдлагууд улстөржин талцажөшөө авах хэрэгсэл болж хувирцгаасан нь харамсалтай.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ