Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газар даалгасан

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн талаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхөөс тодрууллаа.
-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 сарын 14-ний өдрийн 258, 269 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулахыг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцээд, Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258.1, мөн энэ оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 269.1 дээх заалт нь хөдөлмөрийн болон төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байгаа.
-Ажилгүй байсан хугацааны цалинг олгох уу?
- Ажилгүй байсан хугацааны цалин 3 сая 817 мянган төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Б.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн байгаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ариунболд, хариуцагч Засгийн газрын төлөөлж, н.Зүмбэрэл нар ажилласан байгаа.
-Засгийн газар энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд яах вэ?
-Засгийн газарт даалгаж байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд талууд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрх нь нээлттэй.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ