Нууцлагдсан шүдний эмнэлгүүд

Хүний хамгийн их шаналгаатай, айдаг өвчин бол шүднийх. Шүднээс хүний дотор эрхтний эрүүл байдал шууд хамааралтай. Тэгсэн атлаа хүмүүс эмчлүүлэхээсээ мөн л хамгийн их айдаг. Тэгвэл энэ айдас дээр нь дахин айдас нэмсэн мэдээллүүд өчигдрөөс эхлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэ бол шүдний эмнэлгүүдэд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын ноцтой мэдээ.

Ялангуяа нэг удаагийн шприц, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэсэн нь ард түмний дунд нэлээд түгшүүр төрүүлээд байна.

Үүнээс болж ДОХ-ын халдвар тарах өндөр эрсдэл бидэнд нүүрлэж хэмээн дор бүрнээ шуугиж эхэлсэн. Тиймээс энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н. Цогбадрахаас тодруулахад, “Энд нэг ташаа ойлголт яваад байх шиг байна. Нэг удаагийн хэрэгслийг хэрэглэж байсан гэхээр нэг хүнээс нөгөөд шууд дамжуулан хэрэглэж байсан мэтээр ойлгоод байх шиг байна. Энэ нь нэг хүнд хэрэглэж байсан хэрэгслээ тухайн хүндээ дахин дахин хэрэглэж байсан тохиолдол байсан юм. Түүнээс гадна дахин хэрэглэдэг багаж ариутгагч төхөөрөмжид нэг удаагийн хэрэгслийг ариутгаж байсан зөрчил бас гарсан. Гэхдээ үүгээр ХДХВ-ийн халдвар тарна гэсэн үг биш. Бас халдваргүй гээд орхиж болохгүй. Иймэрхүү ноцтой зөрчилтэй 10-аад эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хураасан байгаа” хэмээн тайлбарласан юм.

Ард түмэн хардах эрхтэй. Тэдэнд хэн баталгаа гаргаж өгөх вэ? Нэг удаагийн хэрэгслийг нэг л удаа хэрэглэж хаях ёстой. Өөрөөр хэлбэл, үйлдэл бүрт шинийг задлан хэрэглэх ёстой гэдэг. Тэгвэл нэг хүнд олон дахин хэрэглэж чадаж байгаа хүмүүс түүнийгээ өөр хүнд ч гэсэн хэрэглээгүй гэсэн баталгаа бий гэж үү? Түүнчлэн энэ төрлийн багаж, хэрэгслийг дахин угааж, халдваргүйжүүлж ашигладаг гэхээр өөр өөр хүмүүст хэрэглэсэн гэсэн үг. Үүнийг бол үгүйсгэх ямар ч арга байхгүй.

Иймэрхүү байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд зарлах хэрэгтэй байна. Гэтэл албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэдэх Тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцсэний дүнд гарсан шийдвэрийг үндэслэн даргын тушаал гардаг. Тэр цагт дээрх эмнэлгүүдийн нэрийг тодорхой зарлах юм гэнэ. Энэ нь тэр болтол ард түмэнд нууц бөгөөд тэд хэнд ч ямар ч байдлаар үйлчилж байгаа нь тодорхойгүй байх юм. Ийм эрсдэлтэй алхмыг хэн хүсэх билээ. Эс бөгөөс нэрсийг зарлан тунхаглатал хүмүүс шүдний эмнэлгийг зорихгүй байх ёстой юу? Хэдийгээр тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд нөлөөтэй ч тэд зөрчил гаргахаасаа түрүүнд энэ талаар сайтар бодох хэрэгтэй байсан юм. Үүнээс болж эцсийн дүнд иргэд л хохирч байна.

Нийслэлд хаа сайгүй замбараагүй олон шүдний эмнэлгүүд ярзайна. Гэвч одоо түүнийг зорих ард түмний дотор арзайна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бусад зөрчилгүй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө гэдгийг бодож үзэх хэрэгтэй биз ээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ